Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хучирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилгоор Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байрыг тохижуулсан байна. Уг байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням нар оролцоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байранд түр хамгаалах төв нээлтээ хийж байна. Энэ төв нь эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, тэдний аюулгүй орчинд байлгах зориулалттай” хэмээлээ.
БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга М.Эрдэнэбилэг “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэд маань ихэвчлэн шөнө оройн цагаар цагдаагийн байгууллагад ханддаг. Эдгээр иргэдийг нийслэлийн бусад хамгаалах байруудад хүргэх боломжгүй болон ачаалал ихтэй үед энэ төвдөө байлгаж аюулгүй байдлыг нь хангаж, эрх зүйн зөвлөгөө, туслалцаагаа үзүүлэх юм. Үүнээс гадна төөрсөн болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд ирэх тохиолдол гардаг. Эдгээр хүүхдийг хүлээлгийн танхимд согтуу болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүстэй хамт байлгахгүйгээр ахуйн хүрээний орчинд байлгаж, аюулгүй байдлыг хангах зорилготой” хэмээн хэлж байлаа.
Тус төвийг байгуулах төслийг дэмжиж Дэлхийн зөн Дарь-Эх орон нутгийн хөгжлийн төв зургаан сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн тус хэлтсийн хамт олны дэмжлэгээр хоёр сая төгрөгийг шийдвэрлэж, нийт найман сая төгрөгийн зардлаар тохижуулсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.