Төвлөрлийг сааруулах асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэг хамтран хэлэлцүүлэг хийлээ. Holiday Inn зочид буудалд болсон “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийслэлийн засаг дарга С.Батболд, Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар нар оролцсон юм.
Улаанбаатар хотод эдийн засаг, хүн ам, эрх мэдлийн төвлөрөл их байна
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлан ажилладаг. Тэрээр “Монгол Улсад төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага бий болчихсон. Улаанбаатар хотод эдийн засаг, хүн ам, эрх мэдлийн төвлөрөл их байна. Үүнээс болоод төвлөрөл задарч саарахгүй, хот ачааллаа даахгүй байдал бий боллоо. Энэ хүрээнд нэлээн олон ажил төлөвлөж байгаа. Захиргааны төвлөрөл буюу эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага урган гарч ирсэн. Энэ хүрээнд “Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийг өөрчлөх, чиг үүргийн дахин хуваарилалт хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Мөн орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх төсвийн зарлагын чиг үүргийн дахин хуваарилалтад хуваарилж өгөх гэх мэт хийх ажил их байгаа. Жишээ нь, орон нутагт байгаа төрийн байгууллагуудын удирдлагын босоо тогтолцоог хэвтээ болгоход чиглэгдсэн хуулийн төслийг долоо хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчидтай уулзаж мэдээлэл хийлээ. Орон нутгийнхан энэ хуулийг дэмжиж байгаа” гэлээ.
Улаанбаатар хотын түгжрэл ойрын хэдэн жилдээ буурахад хүнд
Нийслэл хот нэг сая 400 мянган хүн амтай. Монгол Улсын их, дээд сургуулиудын 90 гаруй хувь, банкны салбар, хадгаламжуудын маш өндөр хувь Улаанбаатар хотод бий. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Төвлөрлийг сааруулахын тулд олон хоттой болох хэрэгтэй. Хотууд болон дэд төвүүдийн хөгжил нэг шугамд ирж байж төвлөрөл саарна. Өнгөрсөн даваа гаригт нийслэл Улаанбаатар хотын захирагч “Хөгжлийн-алтан гурвалжин” гэх төвийн таван аймагтай нийлээд төвлөрлийг сааруулах хамтран хөгжих санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр ганцхан дэд бүтэц гэлтгүй хууль эрх зүйн хүрээнд хамтад нь шийдэх олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцээс гадна хүний хөгжил хууль эрх зүй олон хүчин зүйлийн нөлөө байгаа. Тиймээс үүнийг ул суурьтай шийдэхийн тулд бүхий асуудлыг гаргаж ирж шалтгаан нөхцөлүүдийг нь судалж байж асуудалд зөв зүйтэй хандана гэж ойлгож байна. Улаанбаатар хотод эдийн засаг болон нийгмийн том төвлөрөл бий болсон. Тийм учраас Улаанбаатар хотын түгжрэл ойрын хэдэн жилдээ буурахад хүнд. Эдийн засгийн болон нийгмийн цугларсан том бөөгнөрлийг тодорхой бодлогын хүрээнд бүсүүдэд тараах, бусад бүсүүдийг хөгжүүлэх асуудал төвлөрлийг сааруулахад хамгийн чухал” гэв.
Мөн тэрээр “Улаанбаатар хот найман дэд төвтэй байх ёстой. Найман дэд төвийн хоёр нь хотын чанартай. Үүний нэг нь Яармаг. Шинэ Яармаг дэд төвөөр төвлөрлийг сааруулах Улаанбаатар хотын захиргааг шинэ яармаг руу нүүлгэх асуудал бий. Зургаан дэд төв нь Баянхошуу, Сэлбэ, Амгалан, Био, Дамбадаржаа, Дэнжийн мянга юм. Эднийг хотын төв шиг хөгжүүлэх дэд бүтэц, барилгын ажлууд эхлээд явж байгаа. Дагуул хот, Оюутны хотхонуудын асуудал байна. Их дээд сургуулиудыг бусад аймгууд руу гаргах, дагуул хот тосгод дүүргүүдийг гаргах асуудал хөгжлийн том өөрчлөлт болно” гэдгийг онцолсон юм.
Төвлөрлийг сааруулахад төрийн зөв бодлого, чиглэл шаардлагатай байна
Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар “Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьсан. Зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Иймд төвлөрлийг сааруулах шинэтгэлийг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар хэрэгжүүлэхэд төрийн зөв бодлого чиглэл, дэмжлэг шаардлагатай байна” гэж хэллээ.
Мөн тэрээр “Энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан. Улмаар энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм” гэдгийг дурдлаа.
Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ
ЗГХЭГ-аас УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүдтэй төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан аж. Улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа гэв. Тодруулбал, хуулийн төсөлд нийгмийн даатгал, нийгмийн халамж, аудит, цаг уур, орчны шинжилгээ, татвар, улсын бүртгэл, статистикийн байгууллагын тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэхээр тус тус заасан байна. Энэ хуулийн төслүүдийг баталснаар тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд нь томилдог болох аж. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Б.АМАРТҮВШИН