Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр Эрх чөлөөний талбайд 11.00 цагаас эхэлнэ. Өдөрлөгийн үеэр татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, гааль болон Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллана. Та татварын албанд бүртгүүлж цахим татварын нэвтрэх нууц дугаар шууд авах боломжтой.
Өдөрлөгийн үеэр та ил тодын хуультай холбоотой хаана? юуг? хэрхэн? ил болгосноор ямар хуулийн хариуцлагаас чөлөөгдөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна татвар, санхүү, нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн өгөх, бүртгүүлэх талаар ч зөвлөгөө авах боломжтой.
Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тус хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж байна. Энэхүү хууль хэрэгжсэнээрээ сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих давуу талууд бүрдэнэ.
Хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд нь:
• 2015.04.01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг;
• 2015.12.31-ний өдрийн дотор сайн дурын үндсэн дээр ил болговол
• Хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм.
• Хариуцлагаас чөлөөлөгдөх хуулиуд:
• Нийгмийн даатгалын тухай хууль;
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
• Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
• Гаалийн тухай хууль;
• Захиргааны хариуцлагын тухай хууль.
• Татварын ерөнхий хууль;
• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;
Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нь нууц байх бөгөөд ийнхүү мэдүүлснээрээ ямар нэг хариуцлагад татагдахгүй юм.