Монголчуудын их амралтын
үе үргэлжилсээр байна. Долдугаар сарын сүүл
наймдугаар сарын эхний эл өдрүүдэд гэр бүл, ураг садан, анги хамт олон, найз нөхдөөрөө
уулзаж, төгсөлтийн ой, хурим найр, ургийн баяр
гээд хүмүүний амьдралд мардагдашгүй дурсамж дурдатгалыг үлдээх нь бий. Тэр
бүгдийн нэгэн илэрхийлэл болсон эрхмүүдийн тухай өгүүлэх гэсэн юм. Нэгэн мянга есөн
зуун ерэн оны цагаан морин жилийн хавар Дундговь аймгийн төв Мандалговь хотоос эрдмийн
аянд мордох нь мордож, эр цэргийн албанд татагдах нь татагдаж, эх нутгийнхаа гал
голомтыг сахих нь сахиж үлдсэн залуус эдүгээ дөчин насны босго давцгаасан хат суусан
эрчүүд, намба төгөлдөр, жавхаалаг бүсгүйчүүд болжээ.
Төгсөлтийнхөө хорин жилийн
уулзалтыг тэмдэглэн, тал бүрээс баяр хөөртэй уулзацгааж, зүгээр нэг наргиж наадаад
өнгөрөх биш бусдынхаа амжилт бүтээлийг бахдаж, салбар бүртээ манлайлж яваа нэгнээрээ
бахархаж, “нэг зэлний унаганууд” гэдэг нэгэн
насны нөхөд болохыг мэдэрсэн байна.
Тэд бол нэг ангийнхан энээ
тэрээ гэж явцууралгүй, ерэн оны цагаан морин жилийн төгсөлтийнхөн гэдгээрээ нэгэн
үеийнхээ түүхийг бичилцэж явна. Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болсны 25
жилийн ой мөн л энэ өдрүүдэд болж байгаа. Ерэн оны цагаан морин жилийн Мандалговийн
нэгэн үеийнхэн сургууль төгсөх жилээ18 нас хүрч, анхны ардчилсан сонгуулийг өгч
байсан түүхтэй. Гурван зуу шахам хүүхэд их амьдралын гараанд хөл тавьж байсан ахуй
үеэс хойш эдүгээ хорин таван жил өнгөрчээ. Мандалговийн өнөө гурван зуу орчим төгсөгч
буюу охид, хөвгүүдээс Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Улаанбаатар цэргийн
хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Үндэсний дуу, бүжгийн
эрдмийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сосорбурамын
Цогтсайхан гээд төр түмэндээ танигдсан шинэ цагийн алдартнууд төрсөн
байна.
Баярмагнай генералыг үндэсний
их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын арванд Монгол Улсын төрийн далбааны
өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг эр хүний хийморь сэргэмээр тун чиг жавхаалаг
удирддагийг ард түмэн мэднэ. Дэлхийн их дууч Намжилын Норовбанзадын отгон шавь нарын
нэг уртын дууны идэр залуу үеийн гоц төлөөл, басхүү Монголын сайхан бүсгүйчүүдийн
нэгэн бол С.Цогтсайхан дуучин. Тэгэхээр ерэн оны Мандалговийн төгсөгчдийн эрчүүд
чинь генерал Баярмагнай шигээ жавхаатай, бүсгүйчүүд нь уртын дууны Цогтсайхан шигээ
уянга яруухан, эрхэмсэг гэдэг нь мэдрэгдээд ирнэ. “Олонд танигдсанаараа энэ хоёр
маань тодорч байна. Гэвч Баярмагнайгаас дутахааргүй жавхаатай, алхаа гишгээ цэгц
сайхан залуус олон бий. Мөн Цогтсайханаас дутахааргүй дуулж хуурддаг, сайхан бүсгүйчүүд
олон бий” гэж үеийн нөхөд нь тоглоом шоглоомын завсарт хачир болгон хэлж байна.
Нэгэн үеийнхэн нэг л мэдэх
нь ээ, улс эх орныхоо хөгжил дэвшил хийгээд их түүхийн ачааг даадаг нь жам юм. Цагаан
морин жилийн төгсөлтийн дайчин цэргүүдийн нэг Сумъяагийн Сүхбаатар Дундговь аймгийн
Засаг даргаар ажиллаж төр түмэнд үнэлэгдсэн. “Манай Сүхээ Дундговийн ард түмний
итгэлийг хүлээж нэр төртэй ажилласан. Нам төрийн ажил, цаана нь өрнөж байгаа улс
төрийг нь бид мэдэхгүй юм. Тэр нь бидэнд хамаагүй. Хамгийн гол нь үеийн нөхдөө,
онжавууд, анд нараа гэсэн халуун сэтгэл чухал.
Бидний үеийн нөхөд бүгд л тийм сэтгэлтэй байдаг. Уулзалт юу болж байна яах уу, ийх
үү гээд бүгд л сурцгааж байна. Хөдөө мал хуйгаа маллаж байгаа нөхөд маань төдөн
хонь гаргая, төдөн литр айраг болох уу гээд ярьж байна. Ийм л халуун сэтгэлтэй хамт
олноо гэсэн хүмүүсдээ” гэв.
Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд
тэр бүр ажиллаад байдаггүй, хүнд салбарын нэг болох цахим шугам сүлжээний салбарт
хоёр бүсгүй нь тасралтгүй 23 жил ажиллаж хамт олныхоо бас нэгэн бахархал болоод
байна. Дэрэн сумаас Мандалговийн арван жилд ирж суралцсан Түмэндэмбэрэлийн Цэцэгмаа
өөрийн найз П.Алтанцэцэгийн хамт инженерийн мэргэжил эзэмшиж их хотоо гэрэл цахилгаан,
ус дулаанаар таслалгүй энхийн манаанд 23 жил зогсжээ. Өдгөө Цэцэгмаа нь Улаанбаатар
дулааны шугам сүлжээний инженер, Алтанцэцэг нь гуравдугаар цахилгаан станцын цахилгааны
ээлжийн ахлагчийн албыг хашиж, эрчим хүчний салбарын тэргүүний ажилчид болов. Бүрэнтөгс
гэж залуу мөн цахилгааны инженерийн нарийн мэргэшил эзэмшиж, эдүгээ дөрөвдүгээр
цахилгаан станцын цехийн даргаар ажиллаж байна. Ийнхүү морин жилийн төгсөлтийнхнөөс
илч гэрлийн гурван эзэн тодорсон түүхтэй.
Их, дээд сургуулийн хуваарь
атган Мандалговиос намрын шувууд адил ниссэн нөхдийнхөө араас саравчлан хоцорч,
ус нутагтаа гал голомтоо сахиж үлдсэн залуус мөн л амжилт бахархлаар дүүрэн аж төрж
байна. Хотоороо дүүрэн малтай, ээрэм говийнхоо униар манан хөшиглөн, усан зэрэглээ
наадсан тал нутагтаа хүрэн улаан тэмээдээ бэлчээгээд, уяа дүүрэн морьд багшрааж,
зэл дүүрэн унага уяж айраг цагаа элбэг дэлбэг аж төрж байна. “Хулд сумаас Лхагва-Очир
гэж бөх барилддаг залуу ирж байв. Арав төгсөөд мал хуйгаа бараадсан. Өнөөдөр ажлынхаа
үр шимийг үзэж “Алтан ботго”-ны эзэн болоод…” гээд нөхөд нь бахархан дурсана. Эдний
үеийнхний бас нэг бахархал нь “Би чадна” төрийн бус байгууллага байгуулж олон хүнд гэрэл гэгээ хайрлан, амьдрах итгэл, урам зориг
төрүүлж буй Бадамгаравын Отгонтуяа юм. Тэрээр хөгжлийн бэршээлтэй иргэдийн миссийн
тэмцээнийг зохион байгуулж буй нэгэн.
Аймгийн засаг ноён тодорсон
үе нөхдийн дундаас төрийн сайд гарсан нь бас
бахархал байлгүй яахав. Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайдаар ажиллаж
байсан Б.Ургамалцэцэг мөн л цагаан морин жилийн төгсөгчдийн нэгэн. Тэдний дунд хоёр
салаа гэзгэндээ улаан тууз зүүн гоёж гоодож явсан охин Монголын боловсрол, шинжлэх
ухааны яамыг толгойлж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана гэдэг сайхан.
Үе тэнгийнхнийгээ төлөөлж, хорин таван жилийнхээ уулзалтыг зохион байгуулж буй хэсэг
нөхөд нь ийн ярилаа.
“Манайхнаас салбар салбарын
шилдгүүд төрсөн. Улс төрд тодорхой албан тушаал эрхэлж буй эрхмүүдээс гадна Хүүхэд,
гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Оюунбаяр, аймгийн хамгийн хариуцлагатай алба
болох аудитын газрын Б.Долгорсүрэн нарыг нэрлэх байна. Мөн эрүүл мэндийн салбарт
үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилахуйн дарга С.Даваасүрэн, шүдний эмнэлгийн
захирал Х.Янжингарав, гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийн ахлах эмч Түвшинжаргал
тэргүүтэй эрүүлийг хамгаалахын энэрэнгүй үйлстнүүдээ дурдаж таарна. Боловсролын
салбараас хичнээн ч эрдэмтэн докторууд төрсөн юм бэ дээ” гээд бараг л тоогоо алдацгаав.
Улсын төв номын сангийн дарга, үндсэндээ Монгол Улсын эрдэнэсийнт санг удирдаж буй
эрхэм мөн л Мандалговийн төгсөгчдийн дундаас тодорчээ. тэр хүн боловсролын ухааны
доктор А.Нансалмаа. Өнөө олон докторуудаас нь нэрлэвэл, Монгол Улсын Боловсролын
их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор Чунтын Болдбаатар,
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь сургуулийн захирал, техникийн ухааны доктор Цэгмидийн
Батбаатар, “Алтангэрэл” судрыг крилл үсэгт буулгаж сүсэгтэн олны хүндэтгэлийг хүлээсэн
бурхан шашны нэртэй зүтгэлтэн, гавж Содномын Гантөмөр, Шинжлэх ухаан техникийн их
сургуульд 12 дахь жилдээ багшилж буй Шатарын Далхжав гээд олон аваргуудын нэр ар
араасаа цуварна.
Спортын салбарт мөн л шуугиан тарьж явна. Дундговь аймгаас
наяад оны дунд үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч волейболын спортын олон улсын
хэмжээний мастер А.Доржсүрэнгийн шавь нар улсад гайхагддаг байсан. Ялангуяа волейболын
эмэгтэй багийн тамирчдыг хаана ч очсон бардаггүй байсан гэдэг. Доржсүрэн багшийн
шавь нар дунд мөн ерэн оны төгсөгдийн төлөөлөл олноороо байжээ. Тэднээс волейболын
спортын мастер Отгонцэцэг тэргүүтэй нөхдөө найзууд нь дурсч байна. П.Ганхуяг гэж
самбо, жүдо, үндэсний бөх, сагс, волейбол гээд спортын олон төрлөөр дагнан хичээллэж,
ангийн нөхдөө болж л өгвөл спорт заал руу
татдаг сүрхий эр байжээ. Тэрээр дунд сургуулиа дүүргээд “Хүч” спорт хороонд
ирсэн байна. Тэр үеийн “Хүч” спорт хороо гэдэг бол Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй
олон хүчтэнүүд төрсөн сайхан газар. Ганхуяг барилдана гэдгийг үзүүлж өгдөг байжээ.
Өөрийн онжавууд болох Мягмарсүрэн, Батзориг, Алтансүх, Намдаг нарыг сунгаж өгдөг
байж л дээ. Гэвч албаа хаагаад нутаг
руугаа гүйгүүл морин алга болоод өгч. Миний дурдсан нөхөд бол одоогийн улсын заан,
харцагууд шүү дээ.
Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн
нэгэнтээ “Бидний үед “Хүч” спорт хороонд Дундговийн Ганхуяг гэж мундаг залуу байлаа.
Даанч хөдөө нутаг руугаа яваад өгсөн. Тэндээ бараг барилдаагүй юм билээ. Хэрээ бидэнтэй
үлдээд бөхөөр дагнан хичээллэсэн бол улсын өндөр цолонд хүрэх байлаа” гэж хэлсэн
нь бий. Ганхуяг одоо шагайн спортын тамирчин. Өнөө жилийн наадмаар нутгаасаа ирж
шагай харваад наймдугаар байрт шалгарсан дуулдана. Аймгийнхаа наадамд нэг, хоёр
жил зодоглоод шагай руу урвачихсан нэгэн. Аймгийн заан цолтой гэсэн. “Ерэн оны төгсөлтийн
маань ганц бөх шүү дээ” гэж түүний тухай Омбого буюу Оюунбат анд нь тодотгоод авсан.
“Замбаалай” хүнсний сүлжээ
дэлгүүрийн эзэд болох Энхтайван, Уранчимэг нар мөн л эдний үеийнхэн. Бизнесийн
салбарт тун одтой яваа гэр бүл. Гэр бүл гэснээс арван зургаан хос ерэн оны Мандалговийнхноос
тодорчээ. Гэр бүл болсон хосуудаа найз нөхөд нь ихэд хүндэтгэж, бэлэг дурсгалын
зүйлээс аваад сэтгэл шингэсэн бүхнээ зориулдаг гэнэ. “Ариун сувд” хэмээх гоёмсог
нэртэй ус цэвэршүүлэгч компанийн эзэн Ичинхорлоогийн Алтанхуягийг бага ангидаа
өөр сургуульд шилжсэн ч тэд манай ангийнх гэж өмчилнө. “Алтанхуягийн утсыг мэдэхгүй
хүн хоёр зуу гаруй нөхдийн дунд ховор. Хуягаа тийм л сэргэлэн толгой байгаа юм”
хэмээн зарим нь явуулж байсан. Ууганбаатар гэж сод сайхан нөхрөө бүгд дурсацгаана.
“Ууганаагийн сэдсэн бүхэн шинэ нээлт болдог байлаа” гээд ярих нь залуу идэрхэн
насандаа хорвоог орхисон тэрээр янз бүрийн зүйл сэддэг, өвөрмөц сэлгээтэй нэгэн
байж.
П.Алтанцэцэг инженер Бүлтүүш
Урнаа, Оогоо, Баярмаа, Оюундарь, Отгонтуяа нарын найзуудтайгаа есдүгээр ангийн хүүхэд
гурван төгрөгөөр кино үзэх том хүний тасалбар худалдаж аваад кино театрт очтол
Сумъяа багш нь ташаагаа тулаад зогсож байсныг дурсаад бөөн инээд хөгжөөн болох нь
тэр. О.Сумъяа гэж шавь нарынхаа зүрхэнд “шар ус” хуруулдаг алдартай багш. Оройны
үдэшлэг, кино зэрэгт хэдийнэ оччихоод үүдэнд нь “хэн хэн ирэх нь үү” гэсэн байртай
сурагчдаа бүртгээд зогсож байдаг аж. Сумъяа багшийг харсан сурагч ухаанаа гартал
айна. Маргааш нь хичээл дээр дүрэлзээд ороод
ирэх нь энүүхэнд. Захиргаадалтын үеийн багш нар тэгж л сурагчдаа хүмүүжүүлдэг
байсан нь мэдээж. Сумъяа багш нь одоо хижээл насны хүн байдаг гэсэн. Бодох нь ээ,
Мандалговийн шавь нараараа бахархаж суудаг нь мэдээж.
“Бид бол ерэн оны нийгэм солигдож
байх тэр цагт дунд сургуулийг дүүргэж, зах зээлийн үед оюутан болсон хүүхдүүд. Уулзалдахаараа
“Оюутан болоод өлсч, цангаж байснаа ярьдаг. Аргагүй юм даа, цаг үеийн шуурганд өртсөн
хүмүүс. Монгол Улс картын бараанд орчихсон, өнөө олны хэлдгээр давс, гоймонгоос
өөр зүйлгүй хүнд бэрх жилүүдэд бидний оюутан нас өнгөрсөн” хэмээн дурсацгаана.
Цэрэнбямба гэж математикийн
домог болсон багшаа шавь нар нь мөн дурсаж байна. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай
анги хичээллүүлж, Цэрэнбямба багшийн шавь нар математикаар гайхагдаж байсан үе бий.
Ийнхүү төрийн сайд, аймгийн засаг ноён, хошууч генерал, уртын дууч, инженер, эрүүл
мэнд боловсролын шилдгүүдтэй улс Монголынхоо хөгжил дэвшилд үлэмж гавьяа байгуулж
байгаа ерэн оны цагаан морин жилийн Мандалговийн төгсөгчдийн тухай өгүүлэхэд ийм
байна. 25 жилийнхээ уулзалтыг хүн бүр яарч, Мандалговийнхоо манхайн гэрэлтэх тэнгэр
дор хүлээн байгаа нөхөд нь айраг цагаагаа сөгнөж, хориод настай хонгорхон зүстэй
байх үеийнхээ дурсамж дурдатгалыг задлах гэж нутаг руугаа тэмүүлж байгаа. Гучин
жилийнхээ уулзалтыг бүр чиг утга төгөлдөр болно хэмээн тэд төлөвлөж байгаа ажээ.
Утга учиргүй архидалт, найр наадмаас илүүтэйгээр хожим ярих дурсамжтай, хийж бүтээсэн
зүйлтэй нэгэн үеийнхний уулзалт ямар болдог жишгийг тэд бий болгохоор ийнхүү зүтгэцгээж
байгаа юм.
Н.ГАНТУЛГА