Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрэн хайх ажиллагаа 14 дэх хоногтоо үргэлжилж байна

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Хөтөл ус” нууранд хоёр зорчигтой суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгийн газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрлийн ажиллагаа өнөөдөр 14 дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд нуур бүхэлдээ мөстөж, томилгоот алба хаагчид нэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нуурын эрэг хэсгээр 10-15см, гол хэсэгтээ 6-7см зузаантай хөлдсөн байна.

Иймд аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батхүү, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Н.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн газар нутагт очиж, авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, зарим хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид мөсөн доор гүний шумбалт хийх, цооног гаргах, Камаз, Маз автомашинаар нуурын усыг соруулах зэргээр ажлын зургийн төлөвлөгөөний дагуу эрэн хайх ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *