Энэ удаагийн “Ном ярьж өгье” буланд сэтгүүлч, яруу найрагч Санзайгалсангийн Ууганбаяр эрхмийн “Алаг толгодын хууч” хэмээх сэтгүүлзүйн шинэхэн номыг онцлов. Оцлохдоо нэгэн хөрөг нийтлэлийг нь сугалан ушигчидтайгаа хуваалцахаар шийдлээ.
Нутаг усныхандаа “Эрэлхэг” гэгдэх нэгэн эрийн тухай энд өгүүлнэ. Эрэлхэг халуун өдөр нэрмэл ууж халамцаад хадны сүүдэрт унтаж, эмээл хазаартай морио алдчихсан юмсанж. Барих гэж баахан хөөцөлдөж ихэд ядарчээ. Гэсэн ч замд таарсан нутгийн айлаас (С.Ууганбаярынх ) эмнэг сурган мордоод алдуул морио бариад ирж байгаа хүнийг чинь Эрэлхэг гэхээс ч яах билээ. Нэг ёсондоо эрэлхэг, шулуун шударга зантай мань эрийн дотоод гэмшил харууслын тухай богино өгүүллэг ч гэмээр юм шиг.
“Ах нь будан адуу, будмал хүүхэн хоёрт тун дургүй хүн дээ хэмээн годон буурал морин дээр уурга бариад мордтол буурал морь хоёр гурав сайн ойгоод авав” (Алаг толгодын хууч, 18 дугаар тал) Тийнхүү шингэх наран зүг тоос манаруулан давхиж одох “Эрэлхэг”-ийг харж зогссон өгүүлэгч (С.Ууганбаяр) маань хэний ч илэрхийлээгүй уран зургийг тэрхэн агшнаа үзэж буйгаар энэхүү хөрөг нийтлэл эхлэх бүлгээ. “Эрэлхэг” бол угтаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Цэрэнбат заан аж. Нутгийнхан нь “Эрэлхэг, Эрэлхэг” гэсээр жинхэнэ нэрийг нь бараг мартжээ. “Эрэлхэг” ч өөрөө хүнд нэр хоч өгөхдөө гаргууд, нутаг усныхныхаа зан авир, үйлдэл, ул мөрийг нь мөшгөөд голыг нь олсон оновчтой нэр хоч өгчихнө. Өөрөө үргэлж түүгээрээ дуудаж явдаг аж. Жишээлбэл, “Хагархай Дорж”, “Цавьдар Сэнгээ”, “Хэнхэг”, “Шувуун хөлт”, “Тээгэн толгойт”, “Зүдэргээ”, “Хулхи” зэрэг нэр дурдагдаж буй хүмүүсийн нэрийн урд ямар нэгэн тодотгол, хочтой. Зарим нь бүр дан хочоороо дуудуулах жишээтэй.
Батдорж гэдэг хүнийг “Хулхи” хэмээн хочлох болсны учир нь “Зүдэргээ” Энхбат цэрэгт мордохдоо найз хүүхнээ сайн харж хандаж байгаарай гэж захиад явж л дээ. Тэгтэл Батдорж, хос хоёрын дунд хов хутгасан захиа бичсээр байгаад салган Сарааг нь авч суужээ. Харин үүнийг нь мэддэг “Эрэлхэг” “Хулхи Батдорж”, “Гэнэн Сараа” гэх хүний мөн чанартай нь холбоотой нэр хоч өгч, учрыг нь олонд ухуулах болсон юмсанж. Хүний өөдгүй зан чанарыг ил цаагаанаар шүүмжилнэ гэдэг мууд дурлагч гэхээсээ эрэлхэг зан чанар билээ.
Эрэлхэгийг морио барид ирэхэд хоол унд цай цүү болж, хол ойрын сонин хачин хэлэлцэж суусан тэр үеийнхээ явдлыг, ялангуяа Эрэлхэгийн дүрийг сэтгүүлч С.Ууганбаяр үнэхээр чадмаг гаргажээ. Тухайлбал, “Ийн бид хоёрыг ярьж суух зуур айлын хархүү Сайнбаяр адуугаа олсонгүй хэмээн уруу царайлаад ороод ирэв. “Эрэлхэг” тамхи ороонгоо
-Нүдээ салтаандаа хийсэн хар турсага минь танай адуу чинь Зүрхийн овооны баруун дээр л зогсож байна лээ. Чи хө, наад борц шиг хүүхнээсээ арай өөр юм бодож байхгүй бол хийморь лундаа ч үгүй болно шүү. Чиний эцэг чинь хийморь сэвсэн эр байв даа хэмээн дооглох, зэмлэхийн завсарт л шууд хэлнэ. Эрэлхэгийг ингэлээ гээд өөдөөс нь сөргөх хүн манай нутагт өдрийн од шиг ховор. Угаасаа ам хэлээр маргаад ч түүний дээр гарахгүй. Бяр чадлаар үзээд бүр ч дийлэхгүй…”
(Алаг толгодын хууч)
Ийм нэгэн хэлэмгий, шулуун шударга, сайн муу, сайхан муухайг ялгаж таньсан гүдэсхэн эрийн дүрийг сэтгэлд буутал үгээр зурж чадсан эрхэм С.Ууганбаярт талархалтай. Нутаг ус, өвгөд хөгшдийнхөө дүр төрх, үзэл санаа, дотор буй бүхнээ “Алаг толгодын хууч”- аараа Гамзатов шиг хүүрнэн хуучилнам.
Сэтгүүлч Ш.Цэрэнпил агсны “Хэнээт” зэрэг хөрөг нийтлэлийн арвин сан хөмрөгтэй сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн далайд С.Ууганбаяр эрхмийн “Эрэлхэг” зэрэг хөрөг нь ч мөн хүч нэмэн цутгана буй за.
Г.ЛХАГВАДОРЖ