Categories
мэдээ нийгэм

Эрэлч нохойн алба байгуулахаар бэлтгэж байна

Эртнээс хүний сайн нөхөр байсаар ирсэн нохойг орчин цагт хил гааль, цагдаа хүчний байгууллагууд гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой обьект хамгаалуулах, хил хамгаалах, гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.

Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолд ОБЕГ-ын харьяа Нохойн алба байгуулах заалт орсон бөгөөд 2017 оны улсын төсөвт зардал нь тусгагдсан юм.

Мөн Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан байдаг байна.

Эрэлч нохойн албатай болсноор Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч нарын аюулгүй байдлыг хангах, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, цаг хугацаа хожих зэрэг давуу талтай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *