Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?

– БНХАУ-ЫН ТАЛ ДУНДЫН ЗУУЧЛАГЧИД ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ БАЙГАА ГЭЖ ҮЗЖЭЭ-

Эрээний боомтоос Монголын талд өчигдрөөс чингэлэг тээвэр хийж эхлэв. Эхний өдөр 24 чингэлэг ачааг оруулж ирсэн байна. Одоогоос яг гурван сарын өмнө гацсан хилийн тээвэр хөдөлж эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас Эрээний боомтын нөцхөл байдлын талаарх Илтгэх хуудас нэртэй гурван хуудас материалыг ирүүлсэн нь анхаарал татаж эхэллээ.

Гурван сарын турш гацсан Эрээн-Замын-Үүдийн боомтод нөхцөл байдал ямар байгаа, тээврийн үнэ тэнгэрт хадах болсон шалтгаан, түүнийг яаж шийдвэрлэх, цаашид ачаа барааг хямд өртгөөр Монголд нийлүүлэх боломжийн талаар илтгэх хуудаст дурджээ. Түүнээс гадна ачаа барааны тээврийн үнэ 250 юаниас 1500-2000 юань болж нэмэгдсэн гол шалтгааныг хоёр талын дундын зуучлагчтай холбоотой гэж БНХАУ-ын тал үзжээ.

Энэ тухай Илтгэх хуудаст дурдахдаа “…Эрээн боомтоос Монголын талд нийлүүлж байгаа ачааны 60 гаруй хувийг барилгын материал эзэлдэг бөгөөд төмөр замаар тээвэрлэхэд вагон олдоггүйд зарим ААН, хувь хүнээс нэмэлт өртөг шингэсэн 65-75 мянган юанийн үнэтэй вагон худалдан авах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, вагон дамлан худалдах байдал их байгаагаас тээврийн зардал нэмэгдсэн, тээвэрлэлтэд хүндрэл учирч байгаа…Барилгын материалыг төмөр замын өргөн нарийн царигаар тээвэрлэх зөвшөөрөл авахад Монголын талыг дэмжлэг үзүүлэхийг хүсч, дундын зуучлагчгүй, үнийн хөөрөгдөлгүй, хэрэглэгчдэд шууд нийлүүлэх боломжтойг илэрхийлэв” гэжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал Монгол Улсыг тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа идэвх санаачилгатай ажиллаач гэсэн үг.

Зөвхөн барилгын материалаар зогсохгүй бусад ачаа барааны хувьд ч дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломжтойг урд тал онцолсон байна. Энэ тухай үргэлжлүүлэн “…Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл “Дун Тэн” ХХК-ийнхан хэлэхдээ Эрээн хотод 500 гаруй ААН байгууллага карго үйл ажиллагаа эрхэлж байна. Чингэлэг тээвэрлэлтэд зориулж нэг чингэлгийг 45-60 мянган юаниар худалдан авч, Улаанбаатар хүртэл нэг куб метр ачааг 1800-2500 юанийн үнэтэй тээвэрлэхээр төлөвлөж, бүрдүүлэлт хийж байна.

Одоогоор нутгийн гүнээс 1000 орчим чингэлгийг гаалийн баталгаат талбайд төвлөрүүлжээ. Чингэлгийн ердийн үед 8-12 мянган юаниар худалдаалдаг байсан аж. Энэ нь Монголын талаас чингэлгээ хэрхэн буцаан авах асуудал тодорхойгүй байсаар ирсэн тул карго ачааны үнэд чингэлгийн үнийг шингээсэн нь тээврийн үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн байна” гэжээ. Түүгээр зогсохгүй сүүлийн үед үүссэн тээвэрлэлтийн үнийн хөөрөгдлийн тухайд чингэлэгт тээвэр хийх сургаар ашиг хонжоо олох гэсэн хоёр талын зарим иргэд, ААН бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай татан авах гэсэн сэтгэлгээн дээр тоглолт хийж үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг анхааралдаа авахыг Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл хүссэн байна.

Цар тахлын нөхцөл байдал намжуу байх үед ачаа тээвэр хэвийн үргэлжилж, дундын зуучлагч гэж ерөөс байсангүй. Гэвч Монголын талын халдвар хамгааллын дэглэм сул, хариуцлагагүй байдлаас болж Эрээн хот боомтоо хаасан. Бүтэн улирлын турш бөөгнөрсөн ачаа тээврийг нэвтрүүлэх сургаар л дундын зуучлагчид гарч ирсэн байдаг. Үүний нэг том төлөөлөл нь саяхныг хүртэл дуулиан тарьсан “Үндэсний тээврийн корпораци”. Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд хил дээр томилогдож, салбарын сайдын хамаарал бүхий гэх баримтууд дэлгэгдсэн тус корпораци ямар нэгэн тээвэрлэлт хийхгүйгээр жолооч нараас зуучлалын хөлс гэж чингэлэг тутмаас 220.000 төгрөгийн хураамж авахаар зэхсэнээ дуулгаж баахан маргаан дэгдээсэн. Энэ ханшаар бол нэг сард 11 сая төгрөг, жилд 300 гаруй сая төгрөг жолооч нараас авах тооцоо ч олон нийтийн анхаарлыг татаж байв. Жолооч нараас авч байгаа энэ хураамж ард түмний нуруун дээр ачаа болж нэмэгдэнэ.

Эрээн-Замын-Үүдийн боомт дээр дундын зуучлагчид Үндэсний тээврийн корпорациар тогтохгүй олон байдаг аж. Ачаа тээвэр хэвийн үргэлжилж байх үед нэг куб метр ачаа 250 юань байсан бол халдвартай холбоотой тээвэрлэлт багассанаар 800 юань болж нэмэгдсэн байдаг. Энд дунд дундын зуучлагчид нэмэгдсэн гэсэн үг.

Түүгээр зогсохгүй хил хаагдсан гурван сарын хугацаанд гурав дахин нэмэгдэж 2200 юань хүрээд байна. Дундын зуучлагчид БНХАУ-ын талын чингэлэг тээвэр хариуцдаг “Синотранс” компанийн чингэлгүүдийг бүгдийг нь түрээсэлчихдэг. Тэгээд л наймаа эрхлэгчдэд дамласан үнээ хэлдэг. Угтаа худалдаа эрхлэгч “Синотранс” компаниас үндсэн үнээр нь чингэлгээ захиалдаг байсан. Үүнийг Илтгэх хуудаст ч тодорхой бичжээ. Өөрөөр хэлбэл, эдүгээ 45-60 мянган юань хүрчихээд байгаа чингэлэг ердийн үед 8-12 мянган юань байсан гэж.


Тэгвэл БНХАУ-ын талаас тавьж буй дундын зуучлагчдыг зогсоох шаардлагатай юу. Энэ талаар эх сурвалжуудын байр суурийг сонирхлоо.


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: Чингэлэг тээвэр жигдэрсний дараа дундын зуучлалын асуудлыг харах ёстой

-Засгийн газар инфляцид нөлөөлөөд байгаа импортын бараа бүтээгдэхүүнийг яаж хамгийн бага өртгөөр Монгол Улс руу оруулж ирж болох тал дээр анхаарч байгаа. Дундын зуучлагч гэдэг бас л бизнес эрхэлж байгаа хүн. Тэднийг яг одоо харлуулах нь өрөөсгөл байх. Гэхдээ үндэслэлгүйгээр үнийг хэт их хөөрөгдөж, иргэдээс, бизнесийнхнээс зуучлалын хөлс авна гэдэг дээр анхаарч байгаа. Холбогдох талууд ажиллаж байна. Өнөөдрөөс /өчигдөр/ чингэлэг тээвэр эхэлж байгаа учраас жигдрэх хугацаа хэрэгтэй. Тэгж байж хэн хаана үнэ өсгөөд байгаа бодит зураг харагдана.

Хаана нь үнэ өсгөөд байгааг тодорхой болгох ёстой. Гэхдээ хүмүүсийн ам дамжиж яриад байгаа шиг бүх ачаан дээр хэт өндөр үнэ яваад байгаа юм биш. Эрээн талд бүтэн чингэлэг авчихаад хувь хүмүүсээс жижиг ачаа авахдаа үнэтэй дүн хэлсэн мэдээллүүдийг бид авсан. Нийтээрээ яриад байгаа шиг нөхцөл байдал гайгүй.


Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаа хариуцсан ажилтан Д.Нацагдорж: Тээвэр зуучлагчид дур мэдэж үнэ нэмдэггүй

-Тээвэр зуучлагчид өөрсдөө дур мэдэж үнэ нэмээд байгаа асуудал биш. Бид өмнөх үнээрээ тээврээ хийгээд явж байгаа.

Автын тээвэр зогссон учраас төмөр замаар ачаа бараа хэвийн явж байна. Үнэ өсч байгаа шалтгаан дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой. Энэ Монголд маш их нөлөөлж байна. Хил гааль хаалттай байгаа учраас тээвэр хийх чингэлэг, автомашины олдоц муу байгаа шүү дээ. Тиймээс үүнийг тээвэр зуучлагчтай холбож, дундын зуучлагчийг үгүй хийнэ гэдэг байж болохгүй асуудал.

Тээвэр зуучлагчид бол барааны гаалийн бүрдүүлэлт, ачаа барааны даатгал зэрэг гол зүйлийг хариуцдаг. Хэрэв байхгүй болчихвол бараа бүтээгдэхүүний импорт замбараагаа алдаж, ачаа бараа алга болох, эвдэрч гэмтэх зэргээр олон асуудал үүсэх байх.


Худалдаа эрхлэгч Г.Ганбат: Халдвар хамгааллаа сахиж, дундын зуучлагчдыг үгүй хийх ёстой

-Дундын зуучлагч манайд байх шаардлагагүй. Манай тал халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй байгаагаас эхэлсэн асуудал шүү дээ. Манай лабораториуд халдварыг үнэн зөв шинжилж чаддаггүй, жолооч нар нөгөө талд гараад эерэг болчихдог. Ингээд хил гааль хаагдаж, урт хугацаагаар ачаа бараа бөөгнөрч эхэлсэн.

Ингэх тусам ачаа барааны тээврийн үнэ өсч, дунд нь зуучлагчид гарч ирсэн. Л.Халтар сайдын хамааралтай “Үндэсний тээврийн корпораци” гэгч ямар ч шалгаруулалтгүйгээр гарч ирээд БНХАУ-ын төрийн өмчит компанитай гэрээ хэлэлцээр хийж байна. Тэд чинь дундын зуучлагчид. Дээр нь Хятад талаас чингэлэг түрээсэлж, монголчуудын барааг ачих нэрээр үнэ өсгөж байгаа зуучлагчид бас бий.

Тэгэхээр ерөөсөө л хил гаалийнхаа халдвар хамгааллыг өндөр сахиж, дундын зуучлагчдыг үгүй хийж, чингэлэг тээвэр гэгчээ болиулан өмнөх жишгээрээ тээврээ хийгээд явах хэрэгтэй гэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас ирсэн Илтгэх хуудаст дээрх дундын зуучлалын асуудлыг хөндсөнөөс гадна “Хуа Гүнсян өргөн царигийн ачилтын терминал”-ыг өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын тал ашиглалтад оруулсан бөгөөд манайхтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тус терминал нь өргөн царигаар жилд гурван сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. Автозамын тээврээс хоёр дахин хямд өртөгтэй, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон зэрэг ачаа бараа тээвэрлэх ажлыг шуурхай хийж болох бусад саналуудыг ч дурдсан байлаа.

One reply on “Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *