Categories
гадаад мэдээ

Эрдоган: Энэ бослогын ачаар бид армийг цэвэрлэх боломжтой болж байна

Туркийн эрх баригчид бямба гарагийн байдлаар 3,000 гаруй цэргийнхнийг баривчилж, хэдэн мянган шүүхийн албан хаагчийг баривчлах тушаал өгчээ.

Баасан гарагийн шөнө танк, нисдэг тэргээр зэвсэглэсэн армийн бүлэглэл Туркийн гол хотуудын чухал цэгүүдийг эзлэн авахыг оролдсон юм. Энэ үеэр нийт 265 хүний амь үрэгдсэний 161 нь энгийн иргэд, цагдаа нар байсан бөгөөд 104 нь босогчдын талынхан байжээ. Газар дундын тэнгисийн эрэгт амарч байсан Ерөнхийлөгч Эрдоган Истанбулд эргэн ирж, иргэдийг гудамжинд гарч тэмцэхийг уриалснаар эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн юм.

30 орчим жилийн дараа гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Эрдоган “Энэ бослого бол бурхнаас өгсөн бэлэг байлаа. Үүний ачаар бид армийг цэвэрлэх боломжтой болж байна” гэж хэлжээ.

Баривчлагдсан армийнхны дотор томоохон албан тушаалтнууд, тухайлбал Туркийн Сири, Ирактай хиллэдэг хэсгийг хариуцсан хоёрдугаар армийн командлагч багтаж байна. Армиас гадна АНУ-д амьдардаг Эрдоганы дайсан гэгдэх санваартан Фетулла Гулений талын гэж сэжиглэгдэж байгаа, шүүхийн системд үүрлэсэн 3,000 орчим шүүгч, прокурорыг албан тушаалаас нь буулган баривчилж эхэлжээ.

Эргэлт хийх оролдлогын цаана Гуленийг дэмжигчид байгаа гэж Эрдоган үзэж байгаа юм. Үүний хүрээнд Дээд шүүхийн 10 гишүүн, Үндсэн хуулийн шүүхийн хоёр гишүүнийг баривчлаад байгаа ажээ. Одоогоор барууныхан цэргийн эргэлтийг эрс буруутгаж, Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Гэвч тэдний зарим нь Эрдоганыг босогчидтой хуулийн хүрээнд харьцахыг сануулсаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *