Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтэд хүчтэй мөндөр, аадар борооны үеэр нэг хүн амиа алджээ

Өчигдөр 16 цаг 30 минутаас эхлэн Эрдэнэт хотод орсон түр зуурын хүчтэй мөндөр, аадар борооны улмаас явган хүний зам урсаж, автозамууд дээр лаг шавар, шороо чулуу хуралдсан байна.

Мөн гэр хорооллын зарим айлууд, гудамжууд усанд автаж, үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ. Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь нас эндсэн бөгөөд Шанд багт нэг хүүхдийг үерийн усанд живж байхад нь олж аварчээ. Хүний амь нас эрсэдсэн хэргийн газарт аймгийн Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажилласан байна.

Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, үерийн хор хохирлыг нэн даруй арилгах ажлыг шуурхай зохион байгуулах, хохирлын хэмжээг тогтоох, эвдэрсэн үерийн даланг сэргээн засварлах, бөглөрсөн нүхэн гарц, ус зайлуулах хоолойг сэтгэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлжээ.

Цагаанчулуут багт автозасварын газар үерийн ус зайлуулах хоолойг хааж зөвшөөрөлгүй өргөтгөл барихаар суурийн ажил хийсний улмаас зарим айл өрх усанд автсан байдалтай байна.

Булаг багийн автозам дээр лаг шавар, шороо чулуу урсаж орж ирсэний улмаас замын зорчих хэсэгт автомашин зорчиход хүндрэл үүсгээд байсныг Хот тохижуулах газрын ажилтан, цэргийн алба хаагчид одоогоор цэвэрлэж байна.

Цагаанчулуут багийн үерийн далан эвдэрч гүүр нурсныг ч мөн холбогдох байгууллага, албад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн машин техникийн туслалцаатайгаар цэвэрлэж, бөглөрсөн нүхэн гарц, гүүр, үерийн даланг цэвэрлэх ажлыг эхлүүллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын зоорийн давхар усанд автсан дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж ажиллан эд зүйлсийг зөөж, нүүлгэх ажил хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *