Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ хуваагдаагүй

“Эрдэнэт” үйлдвэр 8400 гаруй ажилчидтай том айл. Нийт ажилчдынх нь 7900 орчим нь ҮЭХ-ны гишүүн юм байна. Үйлдвэрчний эвлэлийн хувьд энэ бол мөн л том салбар гэсэн үг. Ийм олон ажилчдын эрх ашгийг хамгаалж ажилладаг ҮЭХ хоёр хуваагдлаа гэсэн мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Аливаа төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хоёр хуваагдаж, талцаж толхилцдог нэг тийм муу жишиг Монголд бараг жирийн үзэгдэл мэт болчихсон. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ тэр жишгийг давтав уу гэж олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийг уншсан хүмүүс бодсон байх.

Ямартай ч хагарал талцал сайн юманд хэзээ ч хүргэдэггүй. Энэ том үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага хагарч хуваагдах нь хэнд ч ашиггүй гэдэг нь мэдээж. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр хэвлэлийн хурал хийж энэ асуудалд албан ёсоор хариу өгчээ.

Түүний мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид Эв хамтын үйлдвэрчний эвлэл гэж байгуулсан гэдэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан юм байна. Гэтэл хэрэг дээрээ энэ нь 7-8 хүний л хийж байгаа ажил болохоос “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өөр үйлдвэрчний эвлэл байгуулж хуваагдсан зүйл үгүй гэнэ. Гэхдээ уг мэдээллээ олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай тараагаад байгаа учир энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүд, нийт ажилчдын дунд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлэх хор уршигтай гэж үзэж тайлбар хийж байгаагаа Б.Төгсбаяр тодотгов. Шинээр байгуулагдсан гэх үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэгдсэн гишүүн байхгүй ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ноос гарсан, эсвэл гарна гэж мэдэгдсэн хүн ч байхгүй юм байна. Тэгэхээр тус үйлдвэрийн ҮЭХ хоёр хуваагдлаа гэдэг мэдээлэл ор үндэсгүй, баримт нотолгоогүй мэдээлэл гэдгийг онцлов.

Шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан гэх мэдээллийг цацаж буй хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ҮЭХ-ы дарга асан С.Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга асан П.Баттөр нарын хүмүүс гэнэ. С.Эрдэнийг олон нийт хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааснаар нь мэддэг. Харин П.Баттөр нь 2007 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга, салбар ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байхдаа тэргүүлэгчдийнхээ санал бодлыг сонсолгүй, олон асуудал дээр ганцаарчилсан шийдвэр гаргаж байсан аж. Ямар ч тохиолдолд ҮЭХ-ны дарга хүн ганцаарчилсан шийдвэр гаргах ёсгүй гэдгийг ийнхүү олонтаа зөрчжээ. Тэрчлэн ажил олгогч буюу “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаас мөнгө гаргуулан автомашин авч байсан бөгөөд энэ талаараа мөн л тэргүүлэгчдэдээ хэлэлгүй нууцалжээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр болон ҮЭХ хооронд 11 удаагийн хамтын гэрээ байгуулсан бөгөөд энэ бүх гэрээг байгуулахад П.Баттөр огт оролцож байгаагүй гэнэ. Мөн гишүүддээ 22500 төгрөгийн цахим карт олгох асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдэж 135 сая төгрөгийн захиалга өгч, мөнгийг нь шилжүүлчихсэн байжээ.

Энэ мэт үйлдлүүдээсээ болж П.Баттөр “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны даргын албан тушаалаасаа буусан юм байна. Ийнхүү хариуцлага алдаж, хууль бус үйлдэл хийж байсан хүн дахин шинээр ҮЭХ байгуулах гэж байгаа нь цаагуураа улс төрийн зорилготой. Энэ бол үйлдвэрийн ажилчдыг бодсон алхам биш. Үүнээс ҮЭ-ийн гишүүд огт хожихгүй, харин ч хохирч үлдэнэ гэдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *