Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ажлын хэсэг байгуулагджээ

Английн дээд шүүхээс “Стандарт” банкны нэхэмжлэлтэй “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатанд хэлэлцэж, өнгөрсөн сарын дундуур албан шийдвэрээ гаргасан билээ.

Английн Дээд шүүхээс гаргасан шийдвэр нь үндсэн гурван агуулгатай. Үүнд,

НЭГ: “Стандарт” банкны нэхэмжлэл дэх үндсэн өр төлбөрт хүү тогтоож, учирсан зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах тухай 2017.07.20-ны өдрийн Арбитрын хэсэгчилсэн эцсийн шийдвэрийг давж заалдахаар тус үйлдвэрээс Английн дээд шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ Арбитраар тогтоосон өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс шүүхэд барьцаа хэлбэрээр төлөхөөр гаргасан “Стандарт” банкны хүсэлтийг Английн дээд шүүх хүлээн авсан байна.

ХОЁР: “Стандарт” банкнаас 2018.06.28-ны өдөр Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан байна.

ГУРАВ: “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх тухай хүсэлтийг Английн Дээд шүүх хүлээн авчээ.

Английн Дээд шүүхээс эд хөрөнгө царцаах тухай захирамж гаргасантай холбогдуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал тэр чигтээ зогсох эрсдэл үүсээд байгаа юм. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнууд Англи, Шенген, Азийн тодорхой орнуудад зорчих эрхийг шүүхээс хязгаарласан билээ.

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар саяхан хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр ажлын хэсэг нэг удаа хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрт тодорхой баримтуудыг гаргаж өгөх чиглэл өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *