УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” XXК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Засгийн газраас “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах болсон. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-аас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг нээлттэй компани болгох, хувьцааг дотоодод нээлттэй худалдах эсэхийг тодрууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж буйг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Засгийн газар 2031 он хүртэл тус үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж буйг онцолсон юм.