Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр“-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл: Иргэдэд хувьцаа олгоно гэдэг нь болох асуудал

“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Мөн хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар болсон билээ. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаа нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийхээр болсон аж.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Олон улсын аудитын байгууллагаар “Эрдэнэт” үйлдвэрт үнэлгээ хийлгэсний дараа хэдий хэмжээний хувьцаа эзэмших вэ гэдэг илүү тодорхой болно. Цаашлаад ашигтай ажилладаг компанийн хувьцаанаас ард иргэдэд олгохоор хувьцааны үнэ цэнийг илүү мэдэрдэг болно. Хөрөнгийн бирж ч хөгжинө. Нөгөө талдаа компанийн засаглал илүү сайжирна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт олон нийт хяналт тавьдаг болсноор бараа, материал өндөр үнэтэй шахах, улстөрчид хүнээ шахдаг зэрэг үзэгдэл байхгүй болно” хэмээн ярьсан.

Харин энэхүү хувьцаа олголтын асуудлаар “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалай “Юуны өмнө хоёр тал асуудлаа шийдвэрлэх ёстой. Үүний дараа хувьцаа олголтын асуудлыг ярих нь зөв. Хувьчлал бол зөв алхам. Гэхдээ Монголд хөрөнгийн зах зээл бүрэн зургаараа хөгжих болоогүй байна. Өмнө нь томоохон стратегийн орд газруудыг хувьчилж, иргэдэд хувьцаа хэлбэрээр тарааж л байсан. Энэхүү хувьцаа сүүл рүүгээ нийгмийн халамж болж хувирсан. Тэгэхээр хувьцааны зах зээл, хөрөнгийн зах зээл гэдгийг монголчууд ойлгохгүй байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх гэж байгаа бол яг хөрөнгийн зах зээлийн хуулиар зохицуулах ёстой. Түүнээс биш нийгмийн халамж руу чиглэсэн бодлогоор явбал энэ нь Монголын эдийн засагт нэмэр болохгүй” хэмээн онцлон хэллээ.

Энэхүү хувьцааны асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэлээс дараахь тодруулгыг авлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ нь нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Хувьцаанаас тодорхой хувийг иргэдэд олгоно гэдэг нь болох асуудал шүү. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордоос 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн заалт байдаг. Энэхүү заалтын дагуу л Засгийн газар шийдвэр гаргаж байгаа хэмээн ойлгосон. Энэ талаар би бусдын адил ерөнхий мэдээлэлтэй л байгаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас хэдэн хувийг нь хувьчилж, иргэдэд хувьцаа хэлбэрээр олгох юм бол. Өнөөгийн ханшаар тус үйлдвэрийн хувьцаанаас 10 хувийг хувьчилж, хувьцаа хэлбэрээр гурван сая иргэндээ олговол нэг иргэнд 6000 төгрөг ногдоно гэсэн тооцоо судалгааг эдийн засагчид гаргасан байна л даа…

-Энэ тооцоог маш сайн хийх ёстой. Засгийн газраас хуульд заасан 10 хувь гэдгийг нэмж, хасах асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд оруулсан. Тийм болохоор одоохондоо иргэдэд хичнээн хувьцааг ямар зохицуулалтаар олгох асуудал бодлогын түвшинд яригдаж байна. Тус үйлдвэрийн хувьцааны тодорхой хувийг иргэдэд ийм, ийм зохицуулалтаар олгоно гэсэн эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа гэсэн үг.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *