“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид өнөөдөр 12.00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаалаа. Тэрээр ундааны савтай бензин өөр дээрээ асгаж, улмаар шууд гал тавив.
С.Эрдэнийн хамт мэдээлэл хийх гэж байсан нөхөд нь хэлэхдээ “Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид бодоогүй. Тэр ч энэ тухай бидэнд юу ч хэлээгүй” гэсэн юм.
“Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” хэмээн С.Эрдэнэ хэлж, гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хэвлэлийн хурлын байрнаас гараад “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажлын байрандаа буцаж очжээ. Түүнд эмнэлгийн тусламж хүргэхээр 103 төв рүү аваад явсан юм.
Тус компанийн ажилчид “өөр компанид шилжүүлэхээр яригдсан 203 ажилтны талаар албан ёсны мэдээллийг 15.00 цагаас өөрийн байрандаа хийхээр болсноо энэ үеэр мэдэгдлээ.
Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын мэдээлж буйгаар тус компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин эдгээр ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлагын дор ажилладаг байжээ. Хэдийгээр Австралийн компанийн дор ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж урьд нь мэдээлж байсан.
Бичлэгийг хүргэж байна.