Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийж, ирэх сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1.8 дахин нэмэгдүүллээ.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-иас ирэх оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд 1 тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөвтэй байна. Зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүллээ.
Баруун Цанхийн олборлогчоор “ Эс Жи Эс” ХХК, “Хишиг Арвин ” ХХК, “Моннис” ХХК зэрэг уул уурхайн томоохон олборлогч Монголын Үндэсний компаниудын нэгдэл орж байгаа бөгөөд хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох юм. Цанхийн баруун уурхайн олборлолт эхэлснээр нүүрсний үнийг зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх гэнэ.
Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн өр төлбөрийг барагдуулж, Монгол Улсын гадаад валютын эргэлтийг нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Мөн Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төдийгүй улс орны эдийн засагт тодорхой түлхэц болох боломжтой аж.