Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон “POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, Эрчим хүчний яамтай өнгөрсөн есдүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан. Тус компани барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх асуудал хүндрэл үүсгээд байгаа юм. Энэ талаар салбарын сайд нь дараах тайлбарыг өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Нөлөөлөлд 270 өрх өртөж байгаа. Энэ айл өрхүүдийн ард 1251 иргэн бий. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар бол зөвхөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, үндсэн хөрөнгөд үнэлгээ хийсэн нөхөн олговрыг олгох ёстой. Гэвч энэ нь малчид болох газар тариалан эрхлэгчдэд тохирохгүй байна гэж үзсэн. Тухайлбал, нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдийн 100 орчим нь 270 мянгаас есөн сая төгрөг аваад хэдэн үеэрээ, 20-30 жил нутагласан өвөлжөө, хаваржаа, бэлчээрээ орхиод нүүх болж байгаа юм. Тиймээс Засгийн газар дээр яриад нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар Засгийн газрын тогтоолоор нөлөөлөлд өртсөн иргэн бүрд 15.1 сая төгрөг олгохоор болсон” гэв.