Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэбатхааны Оюуны тэгш ойн жилийг “Би эндээс явахгүй” жүжгээр нь эхлүүллээ

Э.Оюун ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хамт

Монгол Улсын Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааныд 1918 онд нэгэн охин төрсөн нь хожмоо төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, эрдэмтэн, урлаг судлаач, театрын найруулагч хэмээх олон алдрын эзэн болсон Э.Оюун байлаа. Түүний мэндэлсний зуун жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр Монголын урлаг соёлын амьдралд соён гэгээрүүлэх үр жимс тарьж “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Отелло ван” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Оросын их зохиолч Н.В.Гоголийн зохиолууд болон Английн бичгийн их хүмүүн суут В.Шексперийн “Лир ван”, Софоклын “Эдип хаан” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг дуун хөрвүүлж, “Талын баатрууд”, “Ах дүүс”, “Гарва”, “Хайр” зэрэг олон зохиол туурвисан бичиг номын их хүмүүн байлаа. Э.Оюун гуай багадаа эцгээсээ хагацсан хүн. Тиймдээ ч элэг зүрхний хайртай ааваа үгүйлэн “Эцэг минь амьд сэрүүн байх шиг байна. Хаа байгаа нь бүүр түүр мэдэгдээд байна. Нэг тийм шар охинтой байсан юмсан. Тэр минь овоо хүн болсон шиг байна. Тэгэх л ёстой охин байсан даа. Түүнийхээ барааг харах учир байна уу, үгүй юу. Үгүй тэгээд түүнтэйгээ уулзвал одоо намайг таних болов уу, үгүй болов уу гэж ярьж байна гэнэ. Энэ дээгүүрх хүмүүст аавын минь тухай юм уу, нэг бичиг ирсэн мэдээ байна” гэж хагацлын манан дундуур цээжний махаа барж горь хүслийн харцаа хандуулсаар байсан. Оюуны эх Цэцгээ гэж сайхан буурал байжээ.

Нийслэл хүрээнд эцгийнхээ гучин насан дээр төрсөн тэрээр Улаанбаатарт бага сургуульд дөрвөн жил суралцан, 1932-1934 онд дунд сургуульд гурван жил сураад 1934 онд 16 насандаа Улаан-Үд хотын Ажилчны сургууль Рабфакт дөрвөн жил сурахаар яваад дөрвөн жилийн хичээлийг ганцхан жилд багтаан сурчээ.

1935 онд 17 настайдаа сургуулиа төгсөж ирүүт Ардыг Гэгээруулэх Яаманд орчуулагчаар ажиллах болсон байна. Улмаар арван долоохон настай авьяас билэгт охин Бөмбөгөр театрт жүжигчнээр орж 1936 онд 18 насандаа “Уяхан зүрх уруу татав” анхны өгүүллэгээ “Үнэн” сонинд хэвлүүлсэн нь Монгол шинэ тулгар төрийн тэргүүлэх сэхээтэн төрийн зүтгэлтэн аавынх нь нөлөө байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Тэрбээр 1936-1952 онуудад Улсын академик театрт найруулагч, удирдагчаар ажиллахдаа олон арван жүжиг найруулж, туурвисан билээ. Түүнийг 19-хөн настай байхад 1937 оны их хэлмэгдүүлэлт эхэлж эцэг Эрдэнэбатхаан нь хилс хэргээр шоронд орж, улмаар ор сураггүй алга болжээ. Э.Оюун 1942 онд “Гавьяат жүжигчин”, 1945 онд “Ардын жүжигчин”, “Ах дүү нар” хэмээх жүжиг туурвин тайзнаа тоглуулж түмэн олноо сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн тул Э.Оюунд 1946 онд БНМАУ-ын төрийн шагнал олгожээ. Энэ үед тэрээр дөнгөж хорин наймхан настай байв. “Учрал” өгүүллэгийн түүврээрээ 1978 онд МЗЭ-ийн шагнал авсан зохиолч байлаа.

Түүний “Хил дээр” (1939, орчуулсан), “Залуу эх Замбага” (1941, Г.Увароватай хамтарсан), “Мандухай сэцэн хатан” (1942) болон “Буурал бүсгүй” (1943, А.Рабиновичтай хамтарсан), “Цогийн идэр нас” (1945), “Зам” (1947), “Цолмон” (1949), “Тэр талд” (1949, 1970), “Эмч нар” (1953), “Страконецийн хөөрөгт цоорч” (1957), “Тамирын бэр” (1963), “Лир ван” (1964), “Төрсөн өдрийн баяр” (1965), “Шинэ байшинд” (1965), “Гарын таван хуруу” (1967), “Ээдрээ” (1968. Л.Вангантай хамтарсан), “Зам нийлэх үү” (1969), “Өрсөлдөөн” (1970), “Арын албаныхан” (1971), “Нүд” (1973) жүжгийг тайзнаа найруулан тавьсан. “Дэнсмаа” (1938), “Шинэ хүн” (1939), “Хот айл” (1942, найруулсан), “Талын баатар” (1943, 1983), “Амарсанаа” (1944, найруулсан), “Арвижихын гэр бүл” (1948, Ш.Нацагдорж, Д.Намдаг нартай хамтарсан, найруулсан), “Ах дүү нар” (1945, найруулсан), “Нөхдийн уулзалт” (1946, найруулсан), “Бумбат Эрдэнэ” (1977, С.Удвалтай хамтарсан), “Ширүүн тулааны өмнөхөн” (1981) зэрэг бүтээл нь УДЭТ-ын тайзнаа тавигдаж үзэгчдэд хүрсэн. Мөн Булган, Дорнод, Ховд, Өмнөговь, Завхан, Дархан зэрэг олон аймаг, хотын театрын тайзнаа түүний зохиол бүтээл “амилжээ”. Монголын театрын урын санд Э.Оюуны орчуулсан олон бүтээл бий.

Үүнд, “Байцаагч түшмэл” (1936), “Хонины булаг” (1937), “Хуягт галт тэрэг” (1937), “Хоёр эзний ганц зарц” (1938), “Скапены дамшиглал” (1939, 1959), “Нүүрэлдэлгээ” (1941), “Жаргал” (1943), “Платон Кречет” (1947), “Алтан ай” (1949), “Хүний чарганд битгий суу” (1949), “Лениний гэр бүл” (1951), “Мердановын гэр бүл” (1954), “Страконецийн хөөрөгт цоорч” (1957), “Сэтгэлийг шинэтгэсэн нь” (1959), “Эрхүүд болсон явдал” (1962), “Хар санаа, хайр сэтгэл” (1963, 2004), “Лир ван” (1964), “Овод” (1967), “Буутай хүн”, “Любовь Яровая” (1969), “Анхны тулаан” (1970), “Цаг өөр болжээ” (1974), “Егор Булычевынхан” (1975), “Нора” (1984), “Галилейн амьдрал” (1988), “Нийгмийн санаа” (1990) зэрэг жүжгүүдийг орчуулсан нь УДЭТ-ын тайзнаа тавигджээ. Э.Оюуны “Монголын театрын түүхэн замнал” /1989/ ном театрын түүх судлалын томоохон бүтээл болсон билээ.

УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, урын санд бүртгэгдсэн бүтээлүүдээс нь дурдвал “Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьж “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 20 шахам дуурийн цомнолыг орчуулжээ. Багын эрдэмд шамдсан бичгийн хүмүүн тэрээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид 1952-1957 онд суралцан төгссөн байдаг. Э.Оюун ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан, урлаг судлалын ухааны доктор хүн. 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д аспирантурт суралцаж “Монголын ардын урлаг дах театрын үндсүүд” сэдвээр эрдэм судлалын ажил хийжээ. Улмаар 1960-1962 онд Кино үйлдвэрт, 1962-1963 онд МАХН-ын Төв Хорооны Соёл урлагийн газрын дарга, 1963-1975 онд Улсын академик театрт найруулагч, удирдагч,1966-1976 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1968-1969 онд Дуурь бүжгийн театрт, 1975-1987 онд Урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ. Шинэ Монголын урлаг соёл, утга зохиолын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэсэн эл хүндэт буурал 2001 оны зургаадугаар сарын 21-нд 83 насандаа бурхан болжээ. Э.Оюун гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1958 онд туурвисан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар УДЭТ-т өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 10-ныг дуустал тавих болсон талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр УДЭТ-ын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжгийн продюсер Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдагч Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар мэдэгдсэн. Энэ жүжгийг театрынхаа төсвөөс 90 сая төгрөг гарган тайзнаа амилуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас тусалж дэмжих байх гэдгийг ч тэд уламжилж байсан.

Э.Оюун гуайн овгийг Эрдэнэбатын, Эрдэнэбатхааны гэж хоёр янзаар бичсээр байгаа нь анзаарагддаг. Тэгвэл түүний нэр нь Эрдэнэ, овог нь Батхаан ажгу. Монгол Улсад ардын хувьсгал ялсан 1921 оны гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны даргаар томилогдож, 1924-1928 он хүртэл Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байхдаа Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) 35 сурагчийг Герман, Франц улсад явуулах тушаалыг гарган удирдан авч явсан байдаг. Эдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг, нэрт соён гэгээрүүлэгч О.Намнандорж, зохиолч Т.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, ардын зураач Л.Намхайцэрэн нар хожим бүгд Монголын шинэ цагийн гайхамшигт сэхээтнүүд болцгоосон билээ. ЭрдэнэБатхаан Германы тагнуул гэх хилс хэргээр 1930 онд Ленинградад цөлөгдөн, 1937 онд баригдаж сураггүй болсон гэдэг.

Тэрээр Италид аж төрж байсан социалист реализмыг үндэслэгч их зохиолч Максим Горькийд захиа бичин уран зохиол, орчуулгын чиглэлээр “Идэвхтэй зарчмыг баримтлах хэрэгтэй” гэсэн хариу захиа авч байсан түүхэн том сэхээтэн. Эрдэнэбатхаан бол Монгол Улсаа соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа зориулсан, хойч үе маань хэзээ ч мартаж үл болох алдартан билээ. Тэрбээр Монгол ардын намын төлөөлөгчдийг хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй уулзахад хэлмэрчилж, ЗХУ-д оюутан суралцуулах их үйлсийг санаачлан Монголын ард түмний өмнө асар их гавьяа байгуулсан юм. Ид хийж бүтээх идэр насандаа харийн хүйтэн шоронд халуун амиа алдсан эл хүн гурван охин, хоёр хүүтэй байсан бөгөөд бүгд эх орондоо нэр цуутай алдартнууд болжээ. Эрдэмтэн зохиолч Э.Оюун театрын урлагийн хатан ээж гэгддэг бол сурган хүмүүжүүлэгч Э.Раднаа, малын эмч Э.Зандармаа, инженер Э.Агваандорж, багш Э.Карма нар нь бүгд Монгол Улсынхаа хөгжилд нэр нөлөө бүхий байр сууриа эзэлсэн хүмүүс болон өссөн байдаг.

Эрдэнэбатхааны отгон хүү Э.Агваандорж “Миний аав Эрдэнэбатхаан бол буриад хүн шүү дээ. 1888 онд одоогийн Усть-Ордын Буриадын өөртөө засах улсын Бохан районд байсан Тараст төрсөн юм билээ. Аав нь 20 настайдаа Эрхүү хотын гимназийг төгсөөд тэндээ маш цөөхөн жил багшилж байжээ. Учир нь юм юманд оролцсон овсгоо самбаатай хүн байсан болохоор нь ч тэр юм уу “Найдваргүй этгээд” хувьсгалын үйл хэрэг элдэв зүйлд оролцдог гэж үзээд Эрхүү мужаас хөөсөн гэдэг юм. Би мэдээ орсон цагаасаа аавтайгаа хамт байгаагүй. Ээжийнхээ ярианаас л аавыгаа сайн мэддэг болсон. Хожим юм ухаарахтайгаа болсноор ном зохиол, түүх шастираас эх орноо хөл дээр нь босгох гэж хэчнээн их зүтгэж яваад хэлмэгдсэнийг нь бодохоор маш их харуусаж зүрхэндээ уйлсаар өдий хүрлээ. Аавыг Галуут нуур орчимд л цөлсөн гэдэг. Энэ үед нутгийн хүн Цэвээн Жамсранов тэнд тааралдаж л дээ.

-Чи энд цөлөгдчихсөн гээд л зүгээр суугаад байсны хэрэггүй. Цаана чинь Монголд автомат засаг сэргэчихсэн чам шиг бичиг үсэгтэй хүн их хэрэгтэй болоод байна. Тэнд очиж сургуульд багшил гэж гэнэ. Авчрахаасаа өмнө чи гэр бүлтэй юү гэж асуужээ. Үерхдэг бүсгүй бий гэж л дээ. Түүнийгээ олж ир гэсэн байна. Аав Бохандаа эргэж очиж хуримаа хийж гэр бүл болоод Монголд ирж Автоматын үеийн сургуульд газарзүй, түүхийн багшаар ажиллаж байсан юм билээ. Тэгж байтал хүрээнд нууц бүлгэм үүсч эхэлсэн байна. Ээжийн яриагаар бол Догсом, Лосол, Бодоо, Сүхбаатар нартай маш дотно харьцаатай байсан гэдэг. Тэр үед Бодоогийнд Чойбалсан нэг хэсэг амьдарч байсан юм билээ. Манай аавын нэрийг Никит гэдэг байж л дээ. Д.Сүхбаатар аавыг нэрээ соль Эрдэнэ гэдэг нэртэй бол гэснээр аавынхаа Батыг нэмээд Эрдэнэбатхаан болсон юм гэдэг. Цагийн байдал түгшүүртэй байсан үе юм даа. Тэр үед Барон Унгерний цэргүүд Оросын Буриадуудыг цэрэгтээ элсүүлж эсвэл хядаж байсан үе. Энэ үед Лосол аавыг “Чи наад орос хувцсаа соль” гээд лам дээл өмсүүлсэн гэж ээж минь хуучилдагсан. Лосол, Догсом, Бодоо нар бол бүгд л хийдэд шавилж байсан шашны номтой лам хүмүүс шүү дээ. Ардын хувьсгалаас өмнөхөн Оросын нэрт эрдэмтэн Майскийн шинжилгээний ангид нэг хэсэг орчуулагчаар ажиллаж байсан байгаа юм. Харин аав бол хэлний боловсролд гаргууд хүн байсан гэсэн. Оросуудтай оросоор, буриадуудтай буриадаар, халхуудтай халхаар маш цэвэрхэн ярьдаг байж. Нэг өдөр Догсом орхимжтой лам дээл малгай авчирч өгөөд “Чи Чингэлтэй уулын энгэрт очоод байж бай” гээд араас нь морьтой ирж бүгдээрээ уул хяралж Мухарын даваагаар даваад Сөгнөгөрөөр дайрч дандаа уулаар явсаар Хиагтад очжээ. Тэнд МАН-ын анхдугаар хуралд оролцож түр Засгийн газар байгуулалцаж, нарийн бичгийн даргын ажил хийсэн юм. Ингэж хувьсгалын үйл хэрэгт оролцож улс эх орондоо хүчээ өгсөн юм билээ. 1921 оны 11дүгээр сарын 5-нд МАН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж В.И.Ленинтэй уулзахад хамгийн анх орчуулагчаар ажилласан хүн бол аав минь юм. Ленин, “Оросоор маш гайхалтай ярьж байна. Хаана сурсан юм бэ? Үүнээс хойш та Орос Монголын ард түмний гүүр болж яваарай гэж хэлсэн гэдэг” гэж эцгийнхээ талаар дурсжээ. Их зохиолч М.Горький Эрдэнэбатхааныг “Камень мудрости” буюу “Цэцэн бодлын чулуу” хэмээн нэрлэсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *