Сарнаас дэлхийд авчирсан хөрсний дээжид ургамал тарих туршилт амжилттай болсныг өчигдөр эрдэмтэд зарлажээ.
Уг дээжийг 1969, 1972 онуудад НАСА сарнаас зөөвөрлөн авчирч байсан юм.
Эрдэмтэд Arabidopsis thaliana нэртэй цэцэгт ургамлын үрийг сарны хөрс агуулсан 12 ширхэг хуруу шилэнд суулгасан нь соёолж чадсан байна.
Чулуулгийн хурц хэлтэрхийнүүдтэй сарны хөрс нь органик материалаар хомс тул ургамал ургах боломж бага ажээ.
“Бүх хуруу шилэнд ургамлын үр соёолсон байхыг хараад бид хэлэх үггүй болсон” гэж туршилтад оролцсон Флоридагийн Их Сургуулийн биотехнологийн профессор Анна-Лиза Пол ярьсан байна.
Тэдний туршилтын ажлын тайлан “Communications Biology” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.
“Сарны хөрсөнд ургамал тарьж болно. Энэ энгийн өгүүлбэрийн цаана сар, цаашлаад Ангарагт хийх ирээдүйн аяллын үүд хаалга нээгдэж байгаа юм” гэж Анна-Лиза Пол дүгнэжээ.
Гэхдээ сарны хөрсөнд суулгасан үрийн ургалтын явц удаан, навч нь жижиг хэмжээтэй, өнгө нь улаан хүрэндүү байгаа нь стрессийн илрэл гэнэ.
Үүнийг эрдэмтэд гайхах зүйл биш гэж үзэж байна.
НАСА-гийн Apollo 11, Apollo 12, Apollo 17 аяллын үеэр сарнаас 12 грамм хөрсний дээжийг дэлхийд авчирч байжээ.
Сарны хөрс шороо нь сансрын цацраг туяа, нарны соронзон шуурганы нөлөөн дор оршдог тул ургамал ургах боломж маш муу гэж үздэг.
Ирээдүйд хүн төрөлхтөн сар болон бусад гараг эрхэс дээр суурьшихад өөрийн тариалсан ногоогоор хүнс тэжээлээ бэлдэх зайлшгүй шаардлагатай юм.
Эх сурвалж: Reuters