Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Эрчүүл голдуу зочилдог уушийн газрын жижигхэн тайз…

Шүлэг, яруу найргийн өнөөдрийн буландаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч Д.Гансаруулын шүлгүүдээс хүргэж байна. Тэрээр МУБИС-ийг Утга зохиолын ажилтан-Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2007 онд “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн ном, 2009 онд “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Энэ түүвэр нь Монголын зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан бүтээл юм. 2014 онд “Сарны тосгон” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд тэрээр тун удахгүй уншигчдад детектив, акмейст, триллер шүлгүүдээ эмхэтгэн хүргэхээр төлөвлөжээ.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул

Эрчүүл голдуу зочилдог
Уушийн газрын жижиг тайзны
Улаан хамбан хөшиг ярагдахад
Хурц шар гэрэл дор
Цээж задгай дууч бүсгүй гарч ирэх шиг
Намрын үдшийн намуун орой
Зүүнтээгээс дүгрэг саран хөөрөв.
Сарыг би шөнийн дууч эм гэв.

2016.8.20

Базаан-д

Номин далайн мандалд цагаан завь хөвнө
Хаачихна вэ
Дорныг зүглэв үү эсвэл нарыг дагана уу
Номин далайд хөвөх тэр завь
Хэзээ наранд хүрэх вэ
Алчуур нь салхинд дарвуул мэт дэрвэх бүсгүйн
Даашинзны хормой ч үл мэдэг чичирнэ үү
“Et si tu n’existais pas”-ыг амандаа аялан нүдээ аних
Тэр бүсгүй гав ганцаараа
Сэлүүр ч үгүй завь хаана хүрнэ гэж
Эргээс түүнийг хүмүүс гайхна
Эргэж ирэх болов уу хэмээн хүлээцгээж
Эцсийг нь үзэх гэж харцгаана.
Нар жаргахын алдад
Гандмал цэгээн цамцтай эр
Бэхлээтэй олсыг татаж эхлэв.
Бахим шуу нь зангирч
Хэнхдэгийг нь даган хөлс чийхарч
Олсыг хураасаар авай.
Бүрий нөмрөхөд завь сая эрэгт тулав.
Загасны үнэртэй эргийн хот руу
Тэр хоёр алхан одов.
Түрээсийн өнөө завь давалгаанд цохигдон
Эрэг мөргөв.

2017 оны 3 дугаар сар 7
Joe Dassin – Et Si Tu N’Existais Pas…/Хэрвээ чи байгаагүйсэн бол…/

Базаан-д

Далайчин ирэв
Даанч удаан аялжээ
Дарвуул болоод цамц нь
Тамтаггүй сиймэрчээ
Дахиад аялалд гарна гэвэл
Даавууны зээлийг түймэрдэж
Нэхмэлчдийн утсыг хулгайлж
Торхтой давирхайнуудыг живүүлье байз.
Тэгээд
Тэнгис далай руу нулимж
Тээр новш шидэж
Эргийн элсийг нь цацвал
Посейдон хилэгнээд
Давалгаа юугаараа давшилж
Даамай сайн хөрвөөх болов уу.
Эрчит давалгаанд нь
Эндхийн завь, хөлөгс цохигдож
Эвдэрч хэмхрэх болов уу.

2016.04.29-08.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *