Categories
мэдээ спорт

“Эрчим” клубын хагас хамгаалагч М.Төгөлдөр тодорч “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслол өчигдөр “Шангри Ла Улаанбаатар” зочид буудалд болж шилдгүүдээ тодрууллаа.

2017 оны шилдэг эрэгтэй тоглогчоор “Эрчим” клубын хагас хамгаалагч М.Төгөлдөр тодорч “Алтан бөмбөг”-ийн эзэн болов. Тэрбээр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны улиралд 17 тоглолтод 10 гоол оруулан, 5 гоолын дамжуулалт өгч, үндэсний лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн юм. М.Төгөлдөр “Эрчим” клубтэй “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлснээс гадна шигшээ багийн гол тоглогч нь болж чадсан юм. Монголын 23 хүртэлх насны шигшээ Тайландын багтай 1:1-ээр тэнцэхэд нэг гоол, үндэсний шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийхэд нэг гоолын дамжуулалт, үндэсний шигшээ Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд хоёр гоол оруулсан амжилтууд нь үүнийг нотолно.

2017 оны шилдэг эмэгтэй тоглогчоор “Арвис” клубын хагас хамгаалагч Г.Цолмон шалгарч, “Алтан бөмбөг” хүртлээ. Тэрбээр, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахь удаагаа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм. Мөн Г.Цолмон өнгөрсөн тавдугаар сард Хонконг-дболсон Ази тивийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1-ээр тэнцсэн нэг гоолыг оруулсан. Энэамжилт нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол, анхны оноо байсан юм.

Харин энэ жилийн “Ганган гоол”-ын эзнээр “Гоёо Эф Си” клубын довтлогч П.Энхбилэг тодорлоо. Тэрбээр, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хамгийн үзүүштэй, шилдэг, гоёмсог, “Ганган гоол”-оор “Гоёо Эф Си” клубын довтлогч П.Энхбилэгийн “Эф Си Улаанбаатар” клубын хаалганд оруулсан гоол шалгарлаа. П.Энхбилэг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан бөгөөд ийнхүү нэггоол нь 2017 оны “Ганган гоол” шагналын эзэн болгожээ. SPS HD телевизийн нэрэмжит “Ганган гоол” шагналыг хүртсэн П.Энхбилэг 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 7 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт хийсэн байна.

МХБХ-ны энэ жилийн эрэгтэй багийн “Шилдэг дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга тодорлоо. Тэрбээр, “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргаар “Эрчим” клубыг гурван удаа дараалан шалгаруулсан, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон юм.Мөн сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубын тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т гурав дараалан түрүүлж чадлаа. МонголУлсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапур улсын шигшээ багийг 4:2-оор хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан юм.

Харин 2017 оны Эмэгтэй багийн “Шилдэг дасгалжуулагч”-аар “Туулын том тулнууд” клубын дасгалжуулагч Б.Болд шалгарлаа. “Туулын Том Тулнууд” клубын эрэгтэй, эмэгтэй багууд төдийгүй ХУД-ийн хөлбөмбөгчдийн дийлэнх нь Б.Болд дасгалжуулагчийн гараар дамжсан гэж болно. Дасгалжуулагч Б.Болд 2017 онд охидын УАШТ-д амжилттай оролцож, оны шилдэг “Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар ийнхүү тодорлоо.

МХБХ-ны 2017 оны “Алтан бөмбөг” ёслолд шинээр нэмэгдсэн “Шилдэг гадаад тоглогч” номинацийн ялагчаар “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” клубын хагас хамгаалагч, Япон улсын иргэн Шута Ишино шалгарлаа. Шута Ишино 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 12 гоол оруулан, 10 гоолын дамжуулалт өгсөн. Шута Ишино өнгөрсөн жил “Бэлгэдэлийн 11”-т багтсан анхны гадаад тоглогч болсон бол энэ жил “Шилдэг гадаад тоглогч” шагналыг авсан анхны гадаад тоглогчоор тодорлоо.

“Шилдэг шүүгч”-ээр ОУХБХ-ны /FIFA REFEREE/ зэрэглэлтэй шүүгч Д.Түмэнбаяр тодорсон юм. Тэрбээр МХБХ-ны шүүгчдээс хамгийн олон жилбуюу 14 жил шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд чин шударга шүүж, ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гавьяагаа ийнхүү үнэлүүлж байна.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Улаанбаатар сити” клубт гардууллаа. Монголын футзалын үндэсний шигшээ болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир 2017 онд Монголын Хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх амжилтыг бүтээсэн. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд шалгарч, манай улсын шигшээ багуудаас Азийн аваргын хэсгийн шатыг давсан анхны баг болсон билээ.

“Алтан бөмбөг” ёслолын бас нэгэн онцгой шалгаруулалтын нэг болох МХБХ-ны үндэсний шигшээгийн “Бэлэгдэлийн 11” -т багтах шилдэг хөл бөмбөгчдийг тодруулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *