Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,Я.Содбаатар, Л.Энхболд нар өнөөдөр Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, салбараас тусгасан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр үндсэн стратегитэй. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дунд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр тусгасан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, гадаад худалдааны бараа эргэлт өснө гэсэн тооцоолол бий. Тус хөтөлбөрт эрчим хүчний салбараас хэд, хэдэн төсөл, арга хэмжээ тусгахаар төлөвлөжээ. Тухайлбал, Дулааны 3-р цахилгаан станцын 250 МВт болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Эгийн голын 315 МВт-ын усан цахилгаан станц зэрэг төсөл багтсан бөгөөд Эрчим хүчний яамнаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд дээрх төслүүдэд ач холбогдол өгч байгааг салбарын сайд тодотголоо.
Улс орны хөгжлийн тулгуур энэ салбарыг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц болох учраас дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүд онцлов.