Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн гурван тэргүүлэх чиглэл, зургаан стратеги зорилго, 26 зорилтыг тодорхойлж 2015-2023 он, 2024-2030 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж буй асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, үр ашиг, бүтээмж, байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, зээлийн бодлогод тусган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.