Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа: Монгол орны 330 сумын дэд станцууд дээр батерей хуримтлуур суурилуулахад эрчим хүчний хараат байдлаас дорхноо гарна DNN.mn

Эрчим хүчний шинжээч, инженер Л.Жамбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрчим хүчний салбар өнөөдөр ямар шатанд байгааг шинжээч хүний хувьд та арай өөр өнцгөөс харж байгаа байх. Өнөөдөр бид гадны улсаас хараат, дотооддоо байнгын дутагдалтай байна шүү дээ?

-Өнгөрсөн өвөл бид эрчим хүчний хувьд хамгийн хэцүү байдалтай байлаа. Жил ирэх тусам хүндэрч байгаа. Энэ бол ганцхан жил үүссэн асуудал биш. урт хугацааны буюу ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эрчим хүчний салбартаа анхаарал хандуулаагүйгээс болсон асуудал. ардчиллаас өмнө энэ салбар төвлөрсөн төлөвлөгөөт буюу бүгдийг дээрээс төлөвлөж байв. Нийгэм солигдсоноос хойш салбар бүр өөрийн гэсэн яамтай, хууль дүрэмтэй болсон.

Бид энэ салбарыг нийгмийн халамж биш бизнес гэж харж хөгжүүлэх ёстой. Тэр үүднээс бизнесийн төлөвлөлт буюу хөрөнгө оруулалтыг татах төлөвлөлтийг ярих ёстой. Яахав, эдгээр төлөвлөлт хийгдсэн ч бүрэн гүйцэд биш, гал унтраасан байдлаар явж ирсэн. Хүмүүс харахдаа станц бариагүй тухай л ярьдаг. Үүний цаана олон суурь асуудал бий. Эрчим хүчийг бизнес гэдэг утгаар нь харвал суурь нөхцөлүүд буюу хууль эрх зүй, хөрөнгө оруулалтуудыг татсан эрх зүйн орчин, төлөвлөлт хэрэгтэй. Үнэ тарифын асуудал нэмэгдэж таарна. Эрчим хүчний салбарынхан өөрсдөө шаардлагатай тоног төхөөрөмж засвар үйлчилгээгээ жил бүр хийх ёстой байдаг. Түүнийгээ хийж чадахгүй буюу санхүүгийн эх үүсвэргүй болж байна.

Дээрээс нь чадвартай залуусаа алдаж байна. Байгаа хүмүүс нь эхнээсээ ажил хаяж байна. Тухайн салбарын хямрал бий болоход үүсдэг шинж тэмдгүүд бүгд илэрчихсэн. Цахилгаан үйлдвэрлэл нь багасч, тоног төхөөрөмж нь элэгдээд, ажилчид нь ажил хаяад дампуурлын ирмэг дээр ирчихсэн гэж харж байна.

-Энэ арга барилаараа гал унтрааж явж болохгүй гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл танд ямар хувилбар байна вэ?

-Нийтдээ дөрвөн чиглэлд өөрчлөлт ёстой болов уу гэж шинжээчийн хувьд харж байна. Нэгд, дээр хэлсэн хууль эрх зүйн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллах. Үүн дээр 2001 оноос Эрчим хүчний тухай хууль батлагдаад тухайн үед төрийн өмчит ганц компанийг задлаад 18 төрийн өмчит компани болгосон. Эрчим хүчний зохицуулах хороо байгуулсан. Үнэ тарифыг нь уян хатан тавьж, дараагийн эрчим хүчний компаниудыг хувьчлах процесс явагдаж байгаад зогсчихсон. 2001 он бол дэлхийн бүх улс, ялангуяа хөгжиж байгаа улсуудын эрчим хүчний салбарын реформ хийгдэж байсан үе л дээ. Нэг гол зүйл нь хөрөнгө оруулагчдад ашигтай, орчин нөхцөл нь тогтвортой, тодорхой байх ёстой. Засгийн газар нь нүүрсний станцыг дэмжих юм уу үгүй юм уу, сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих үү, яаж дэмжих юм, тарифыг хэдээр хуваарилах гэх мэт бүх зүйл тодорхой болсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь манайд тодорхой биш байна. Төрийн байгууллагуудтай уулзахаар “Дэмжинэ” гэдэг. Бичиг цаасан дээр нь байдаггүй. Ялангуяа олон улсын байгууллага тоотой, тодорхой зүйлийг хүсдэг. Тэр зүйлийг бид эхний ээлжинд хийх хэрэгтэй юм.

Хоёр дахь чиглэл бол эх үүсвэрийн асуудал. Дулааны хувьд цахилгаанаас илүү ач холбогдол өгдөг. Тиймээс өнгөрсөн хугацаанд том станцуудыг харахад зарим нь 20-30 жил, Тавантолгойн цахилгаан станц гэхэд 10 гаруй жил баригдаагүй л байна. Суурь шалтгаан нь 10 жилийн өмнө хөрөнгө оруулалт, том улсуудын нөлөө зэрэг хүчин зүйлээс болж хэрэгжилт нь удааширсан бол сүүлийн таван жилд энэ нөхцөл байдал бүр хэцүү болчихлоо. Дээрээс нь нүүрсний станцыг санхүүжүүлэх газар байхгүй болж байна. Жишээ нь, ТЭЦ3-ын өргөтгөлийг ОХУ-тай хамтарч хийнэ гэж ярьж байсан боловч энэ улс өөрөө нөхцөл байдал нь хүндэрчихлээ. Тиймээс бид төлөвлөлт хийхдээ хандлагаа өөрчилмөөр байгаа юм.

-Хандлагаа өөрчлөх гэдгийг тодруулаач?

-Заавал том станц хотдоо барих гэдэг төвлөрсөн төлөвлөгөөт чиг хандлагаа өөрчил гэсэн үг. Олон улсын жишиг рүү оръё л доо. Эрчим хүчний станцуудыг жижиг хэлбэрээр хөгжүүлж байна. Заавал хотод байхгүй. Аймаг, сумын төвүүд дээр дэд станцууд барьчихаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд сум бүрт 1 МВт батерей сториж буюу хуримтлуур байж болно. Ингээд бариад явбал бидний хувьд давуу талтай. Манай улс 330 сумаа цахилгаанаар холбочихсон. Гэхдээ холбосон цахилгааны чанар нь муу. Хоолоо ч хийж чадахгүй сум бий. Нэгэнт бий болчихсон шугамаа ашиглахын тулд шугамынхаа төгсгөлүүд дээр жижиг станцууд барьчихвал үр ашиг нь дээшилнэ. Хоёрт, жижиг станцыг хурдан хугацаанд барих боломжтой. Нарны станцыг нэг жилийн дотор, батерей хуримтлуур, эсвэл жижиг хийн станцыг 1-2 жилийн дотор барьчихна. Энэ асуудлаа цаг алдахгүй шийдэх боломжтой. Гуравт, сэргээгдэх цэвэр эрчим хүчний төслүүдэд олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой.

Дараагийн нэг чухал асуудал бол тариф. Тариф гэдэг нь зардал дээр нэмэх нь ашиг гэдэг томьёогоор тооцоологддог. Нэг КВт цахилгааныг үйлдвэрлэсэн зардал дээр тэр компани цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд олон улсад 8-10 хувийн ашгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнээс илүү ашиг хүртэж болдоггүй. Тэгэхэд Монголд ашгийн ойлголт байхгүй. Зардлаа ч нөхөхгүй. Зардлаасаа 20-30 хувиар хямд зардаг. Улсын төсвөөс татаас авч нөхдөггүй. Алдагдал болоод баланс дээр нь явчихдаг. Нэг ёсондоо засвар хийх ёстой байсан бол хийхгүй, цалингаа нэмэх ёстой бол боломжгүй болоод л яваад байдаг. Компани өөрөө бүх хариуцлагаа үүрээд санхүү, техникийн хувьд эрсдэлд орчихсон гэсэн үг. Энэ нөхцөлийг яаралтай засахгүй бол үйлдвэрлэл багасна. Нэг өдөр бүгд унтарчихгүй учраас хүн бүр үүнийг мэдрэхгүй. Гэхдээ өнгөрсөн өвөл хөдөө орон нутагт цахилгаан нэлээд их хязгаарласан. Нийслэл рүү ч орж ирсэн. Энэ бол эрчим хүч хумигдаж байна гэсэн үг.

-Тарифын асуудлыг ярихаар иргэдийн төлөх чадамж хөндөгддөг. Шууд иргэдийн халаас руу ороод явчихаар эсэргүүцэлтэй тулж өнөөдрийг хүрсэн шүү дээ?

-Энэ бол үнэн. Иргэдийн төлөх чадамжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын байрыг бий болгох ёстой. Бизнес сэргэх ёстой. Үүний тулд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчийг бий болгоход тарифыг өсгөдөг. Энэ гурван тойрог нэг нэгэнтэйгээ холбоотой. Нэгийг нь зогсоогоод нөгөөг нь дэмжиж болохгүй. Холбоотой учраас тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Ялангуяа Монголын хувьд 2030 он хүртэл эдийн засгийн өсөлт нь эрчим хүчээс шууд хамааралтай байхаар прогнозтой. Эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тусам эдийн засаг нэмэгдэнэ. 2030 оноос цааш эдийн засаг нэмэгдвэл эрчим хүчний орлого нэмэгдэнэ гэсэн хамаарал эсрэгээр явах юм.

Тэгэхээр бид үүн дээр тооцоо хийх болно. Иргэдийнхээ тарифыг хэдэн хувиар нэмбэл төлөх чадварт яаж нөлөөлөх вэ. Нэмэгдсэн мөнгөөрөө яаж эрчим хүчээ сайжруулах вэ. Үндэсний статистикийн газраас эрчим хүчний тарифыг 10 хувиар нэмэхэд иргэдийн төлөх чадварт 0.5 хувийн нөлөө үзүүлнэ буюу эрчим хүчний үнийг нэмэхэд төдийлөн өсөлт гарахгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Ийм байдлаар судалгаа хийж үзээд тарифаа нэмэх хэрэгтэй. Мэдээж хүн бүр орлогын өөр, өөр эх үүсвэртэй. Аль ч улсад цахилгааны төлбөрөө төлж чадахгүй хэсгийг дэмждэг. Манайд ч байна. Эмзэг хэрэглэгчдийн тариф гэж бий. 150 КВт-аас доош цахилгаан хэрэглэсэн хүмүүст хямд үнээр зардаг. Гэхдээ үүнийг бусад улсад ваучер хэлбэрээр өгдөг. Шаардлагатай бөгөөд хүссэн хүнд нь л өгнө. Хүн бүрт биш. Чадвартай хүмүүс нь зах зээлийнхээ үнээр цахилгаан дулаанаа авах ёстой. Ийм шударга зарчим руу орж байж энэ салбар эрүүлээр цаашаа хөгжих боломжтой.

-Компанийн засаглалыг эрүүлжүүлэх боломж бий юү?

-Дээр хэлсэн. 2000-аад оны эхээр төрийн өмчит компанийг хувьчлах тренд бий болж байсан. Хувьчлал сайнтай ч байна, муутай ч байна. Одоо бол хувьчлах тухай дэлхий нийтийн хувьд байхгүй болж байна. Эрчим хүчний салбар сртатегийн ач холбогдолтой учраас төрийн мэдэлд байх нь зүйтэй. Мэдэлд байна гэхээр төр ажиллуулна гэсэн үг биш. Төр хөрөнгөө л зээмшинэ. Харин мэргэжлийн хүмүүс буюу хувийнхан ажиллуулна гэдэг концепци дэлгэрчихсэн. Засгийн газрын эзэмшил гэдгийг олон нийтийнх болгочихож байна. Сингапур гэхэд эрчим хүчний компаниуд нь хувийнх биш олон нийтийнх. Хувьцаагаа хөрөнгийн бирж дээр зараад л олон нийтийнхээ хяналтанд байна. Ийм хэлбэрээр одоогийн төрийн өмчит компаниудыг хөгжүүлэх шаардлагатай.

-Эрчим хүчний эх үүсвэр рүүгээ оръё. Бидний амбиц бол эрчим хүчээрээ хараат бус болъё гэдэг. Ингээд том төслүүд эхлүүлдэг. Бүтдэггүй. Нүүрс, усан цахилгаан станцын төслүүд цаасан дээрээсээ хөдлөхгүй 30 жил болчихож байна. Яагаад бид ингэж бүтэлгүйтээд байна вэ?

-Энэ бол хоёр талтай ойлголт. Хэрэгжихгүй удаж байгаа нь үнэн. Эрчим хүчний төсөл өөрөө хурдан хэрэгждэггүй. Дор хаяж 4-5 жил шаардлагатай. Ингэхээр хүмүүст хүлээлт үүсгэчихдэг. Улстөрчид барилаа гэж зарлаад л маргааш нь ашиглалтад орчих юм шиг сэтгэгдэл төрүүлчихдэг. Тэр талаас ажил хийж байгаа хүмүүс бодолцох хэрэгтэй. Гэхдээ энэ бол манай Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, ТЭЦ5-аас өөр тохиолдолд шүү.

Харин нэр дурдсан энэ төслүүдийг манайх маш их төлөвлөсөн. Асуудал их үүссэн. Нэгд, тарифын асуудал бий. ТЭЦ5-ын хувьд тариф дээрээ тохироогүй дүнгэлт байдаг. Дээрээс нь газраа сонгож чадаагүй. Тэр бол 2015 оны үе. Тэр үеэс хойш нүүрсэн цахилгаан станц санхүүжүүлэхгүй гэдэг олон улсад шийдвэр гарангуут Франц, Япон компаниуд “Сүүлийн боломж байсан. Та бүхэн шийдвэр гаргаж чадахгүй байсаар цаг алдчихлаа” гээд яваад өгсөн. “Шивээ-Овоо”-г Хятадтай хамтарч барих гэж байгаад замхарсан. Багануур бүтэлгүйтсэн. “Тавантолгой” одоо яригдаж байна. Олон хувилбараар барих гэж үзэж байна. Эхлээд хөрөнгө оруулалт гэж байсан. Төр өөрөө барья гэсэн чадахгүй болсон.

Ер нь ийм төслийн санхүүжилтэд тэрбум гаруй ам.долларын асуудал яригддаг. Үүн дээр улс төрийн нөлөө дотоодоос ч, гадаадаас ч их ордог. Манай улсын тэр компани хийнэ гэж шахах жишээтэй. Тиймээс удаашраад байгаа юм. Уг нь үүнийг хүмүүсийн анхаарал татахгүйгээр жижиг хэлбэрээр хийх боломжтой. Аймаг, сум бүрт 10, 20 сая ам.долларын төсөл ярихад Хятад, Япон, Солонгос компаниуд сонирхохгүй. Тэрбум гараад ирэхээр л том компаниуд ороод ирж байгаа юм. Тийм болохоор эх үүсвэрээ төлөвлөхөд өөрөөр шийдье гэсэн санаа хэлээд байгаа нь энэ. Яахав, нэг зүйл гэвэл станц бариагүйгээс алдагдсан боломжийн өртөг тооцвол манай улс маш их хугацаа алдсан. Өнгөрсөн 20, 30 жил бидэнд цахилгаан дулаан хангалттай байсан бол ямар их хөгжлийг бий болгох боломжтой байсан бэ гээд тооцоод үзвэл станцад оруулах хөрөнгө оруулалт, тарифтай харьцуулашгүй. Зөвхөн өнөөдөр төлөх гэж байгаа нэг сая долларын асуудлаа бодоод байх биш энэ станц барьснаар цаашид ямар олон бизнесийг дэмжиж, тэр нь улс эх орон нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг үргэлж анхаарах ёстой юм.

-Батерей сториж гээд та ярилаа. Манайд энэ технологи эхэлчихээд байна. Химийн хүрээлэн дээр гэхэд судлаачид япон автомашины батарейнаас эрчим хүч хуримтлуур үүсгэж байгаа тухай бид сурвалжилж байсан. Батерейг эрчим хүч нөөцлөхөд ашиглах технологийг түлхүү дэлгэрүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Эрчим хүч нөөцлөх гээд байгаа зорилго бол нэгд, эрчим хүчний хэрэглээ багатай шөнийн цагаар цахилгаан нөөцлөөд их үед нь зарах явдал. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хэрэгтэй гэж байгаа. Батерейн хувьд олон төрөл байна. Хуучных бол усан цэнэгт станц буюу шөнийн цагаар усаа дээд түвшинд уулын орой дээр гаргаад оройн цагаар цахилгаан хэрэглэх үеэр доошоо буулгадаг станц олон улсад ашиглагддаг.

Бидний түлхүү мэддэг нь батерей. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих зорилгоор маш их хөгжүүлж байгаа. Тэр хэмжээгээр батерейн өртөг маш хурдан буурч байна. Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэдэг. Нөөц өөрөө шийдэл биш. Нөөц дээр нэмэх нь технологи, мөнгө байж станц босно. Технологи нь бидэнд байхгүй, мөнгө нь байхгүй, зөвхөн нөөц байгаад нэмэргүй. 10 жилийн өмнө манайд шийдэл нь байгаагүй. Батерей байсан ч маш үнэтэй. Одоо бол хямдарсан. Нөөц нь, технологи нь, шийдэл нь байна. Энэ хоёрыг нийлүүлээд цаашдынхаа эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой болчихсон.

-Хувилбарууд та дэвшүүлээч?

-Энэ талаар олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Монгол орны эрчим хүчний систем бол маш урт сунаж тогтсон, хэдэн зуун км шугам байгаа. Үүний дэд станцууд гэж бий. Тэр бүрт нь батерей сториж хийчих ёстой. Сая Сонгинохайрханд суурилуулсан шиг. Гэхдээ жижиг хэмжээтэ, олон дэд станцууд дээр батерей суурилуулчихна. Тэгэхээр орой оргил ачааллын үед хэрэглээг батерей өгөөд явчихна. Дэд станц тархмал байдаг нь системийнхээ горимын ажиллагаа гэж байдаг. Түүнд нь батерей тохируулаад явчихдаг. Энэ бол давуу тал. Жижиг хэлбэрээр аймгийн төвүүд дээр дэд станцуудад тархмал хэлбэрээр батарей байршуулах нэгдүгээр хувилбар байж болно. Дараагийн хувилбар айлууд. Өрхийн хэмжээнд аккумулятор ашигладаг. Энэ биш юм гэхэд өөр төрлийн батерейг ашиглаад нарны дэлгэцтэй айл өдөр нь батерейн дээрээ хуримтлуудаад оройн цагаар сүлжээнд зарах боломжтой.

-Монгол Улс хоёр хөршөөс эрчим хүчнийхээ 20 хувийг импортолдог. Хараат бус болохын тулд бид ямар хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэж, нөөцлөх шаардлагатай вэ?

-Эрчим хүчний хувьд худалдааны баланс гэж ярьдаг. Гол нь гаднаас авч байгаа хэмжээгээ багасгах ёстой. Ямар нэгэн байдлаар эдийн засгийн хувьд хараат биш байя гэдэг зөв. Харин техник тиеханологийн хувьд Оростой холбоотой бол тэр хэвээр байх ёстой. Шугамаа тасална гэсэн үг биш. Ямар ч нөхцөлд холбоотой байж улсын аюулгүй ажиллагааг хангаж байх ёстой. Жишээ нь, Европын холбоо, Газрын дундаж тэнгис, ялангуяа АНУ гэхэд 50 муж улс бүгд системүүд нь хоорондоо холбоотой байдаг.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 100 хувь байлаа гэхэд 120 хувийн нөөцтэй байх ёстой гэсэн үг. Гэтэл бид одоо 80 хувийг үйлдвэрлэж байна. Дахиад бидэнд 40 хувийн нөөц хэрэгтэй. Тэгж байж хараат бус боллоо гэж үзэж болно.

Б.ЭНХЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *