Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх оноос харьцангуй сайн байгаагаас гадна салбарын оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1270 МВТ-д хүрчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагоны хангалтыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгөөд байна.
Энэ хүрээнд Багануур, Шивээ-Овоо, Шарын гол компаниуд холбогдох яамдтай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж байна. Үүнээс гадна дулааны цахилгаан станцуудын хугацаа хоцорч байгаа 4 үндсэн тоноглолын их засварын ажлыг эрчимжүүлж өвлийн их ачааллаас өмнө дуусгах, III дулааны цахилгаан станц ТӨХК-ийн мазотын нөөцийг бүрдүүлэх, мөн IV цахилгаан станц төрийн өмчит компанийн засварыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгаж ажиллагаанд залгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.