Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн хурал Эрчим хүчний яаманд өчигдөр боллоо.
Тус хуралд Эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэргийг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцжээ. Дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөд зайлшгүй шаардлагатай сэлбэг материалыг бүрэн ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна. Энэ нь хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосонтой холбоотойг мэргэжилтнүүд учирлаж байв.
Эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан мөнгөн урсгалын дутагдалд орж, зарим ажил зогсох нөхцөл үүсээд байгаа аж. Тухайн асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр болжээ.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Түүнчлэн эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,
- Дулаан хангамжийн шугам сүлжээнд улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах,
- Бараа материалын захиалга, тээвэрлэлтээс шалтгаалсан үндсэн тоноглолын их засварын ажил удааширч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлж, шийдэл гаргах,
- Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.