Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбараас есөн Хөдөлмөрийн баатар төрөн гарсан байдаг. Эрчим хүчний салбарт хийж бүтээх насаа зориулж, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан дөрвөн буурал энх тунх амьдарч байна. С.Балдорж, Д.Сэдбазар, П.Дамбийбазар, П.Дамдин нарын буурлуудыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд эрчим хүчний салбарын шавыг тавилцаж, өнөөгийн хөгжлийг түүчээлсэн ахмад буурлуудын ач буян их гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлсэн. Өнгөрсөн үед эрчим хүчний салбарт хийж бүтээсэн, өнөө үед хэрэгжүүлэх ёстой олон ажил байгаа гэдгийг Хөдөлмөрийн баатрууд ч онцолж байв.

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар Д.Сэдбазар: “Анх 1968 онд “ДЦС-3” ТӨХК-д засварчнаар ажиллаж ажиллаж байлаа. Дараа нь Эрчим хүчний нэгдсэн засварт 10 гаруй жил ажиллаж байгаад “ДЦС-3” ТӨХК-даа эргэн орсон юм. Ингээд би Эрчим хүчний салбарт 27 жил ажилласан байна. Энэхүү хугацаандаа Эрчим хүчний салбарын ажилчидтай мөр зэрэгцэн бүх нас, амьдралаа зориулж хөдөлмөрлөж байлаа. Одоо Эрчим хүчний салбар маань улсын хөгжлийг дагаад хөгжиж байгаад их талархаж суудаг. Өнөөдөр Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн өнөөдөр амьд сэрүүн байгаа Эрчим хүчний салбарын дөрвөн Хөдөлмөрийн баатраа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг маань сонслоо. Би хувьдаа Даваасүрэн сайдыг УИХ-ын гишүүд дундаасаа үнэнийг ярьдаг, үнэний төлөө явдаг, Монголын ард түмний төлөө өөрийн оюун ухаан, сэтгэлээ зориулж яваа хүн гэж боддог. Хүнд хэцүү манай салбарыг чадварлаг хүнээр удирдуулж байгаад баяртай байна. Би сайдад нэг санал хэллээ. Энэ нь Монгол улс гадаадаас эрчим хүчээ авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Монгол орон нүүрсээр үнэхээр баян орон гэдгийг ард түмэн мэдэж байгаа хэдэн арван станц галлах мөн цаашлаад нар сарны эрчим хүчийг ашиглах хэрэгтэй байна. Монголын хөгжлийн түүчээ болсон энэхүү салбарт ажиллаж байгаа сайддаа болон эрчим хүчний салбарын мянга мянган ажилчиддаа халуун баярыг хүргэж ажил амьдрал нь өөдрөг, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд нь аз жаргалаар бялхаж байх болтугай гэж хүсье!”

Эрчим хүчний салбарын Хөдөлмөрийн баатар С.Балдорж: “Анх 1970 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатарын нэрэмжит Дулааны нэгдүгээр цахилгаан станцад хуваарилагдан турбиний машинч гэсэн мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш Эрчим хүчний салбарт 34 жил ажилласан байна. 1980 онд “ДЦС-4” ТӨХК-ийг ашиглалтад орж эхлэх үеэс тэнд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс их зүйл сурсан даа. Ашиглалтын ажилчид тухайн үед өдөртөө, сардаа, жилдээ хичнээн мянган кВт цахилгаан энерги боловсруулав, ямар ашигтай ажиллав, түлш хэрхэн хэмнэв гэсэн тооцоолол байхгүй байв. Үүнийг Дулааны нэгдүгээр цахилгаан станцийн ахмад инженер н. Баяр, н.Түвшин мастер н. Жамсранжав нарын заавар зөвөлгөөний ачаар анх удаа бид хөдөлмөрийн тоо хэмжээ, чанар , үр ашгийн үнэлгээнд хувийн тооцоог нэвтрүүлж ажилласан. Ардчилалд шилжих үеэр ихэнх Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахад Монголын талаас боловсон хүчин дутмаг байсныг хэлэх үү бүгд л цаг наргүй тэвдүү ажиллаж байлаа. Өнөөдөр салбарын сайд маань хүлээн авч уулзлаа. Даваасүрэн сайдыг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Анх сургууль төгсөж ирээд манай диспетчерийн албанд инженерээр 2,3 жил ажиллаж байсан. Шийдмэг, хэлсэн үгэндээ эзэн болдог,шинэлэг санаачлагыг гаргадаг сайдтай болсондоо манай салбарынхан их баярлаж байгаа. Ахмадуудыг нэг биш удаа хүндэтгэн хүлээн аван авч уулзаж байгаад мөн талархаж байна”

Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөдөлмөрийн баатруудаа хүлээн авч уулзан дотно сайхан ярилцаж салбарын хөгжил дэвшлийн талаар санал бодлыг нь сонсож, хэзээд үүд хаалга нь нээлттэй гэдгийг тодотгон хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *