Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковатай албан ёсны уулзалт хийж талуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа ялангуяа сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолоо илэрхийлж цаашид эрчим хүчний зохистой эх үүсвэрийг бүрдүүлэх, эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Сонгуулийн байнгын хорооны дарга, Чех-Монголын Парламентын бүлгийн гишүүн Станислав Берковецтэй хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх асуудлаар уулзалт хийсний зэрэгцээ Парламентын Сенатын танхимын гишүүн Ярослав Доубраватай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар уулзаж ярилцлаа.
Төлөөлөгчид ухаалаг цахилгаан тоолуур, алсын зайнаас удирдах, орчин үеийн хэмжих системийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д амжилттай нэвтрүүлж байгаа Чех Улсын “ZPA Smart energy” компаний үйл ажиллагаатай танилцсан бөгөөд эрчим хүчний алдагдлыг бууруулах, шугам сүлжээний найдвартай ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүний зэрэгцээ Эльба голд байрлах Лес Краловствигийн усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, жижиг болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах нөөц боломжийн талаар ярилцлаа.