Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг баталлаа

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн эцсийн
хэлэлцүүлгийг хийлээ. 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд
орж байгаа нь хурдацтай өсч, барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж,
эдийн засгийн өсөлтийг удаашруулах нэг сөрөг хүчин зүйл болж байв. 2013 оны
байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр
баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй болжээ.
Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх
үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим
хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь
хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч
хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Эрчим хүч
хэмнэлтийн тухай хуулийн төсөлд УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв
байгууллага, эрчим хүч хэмнэлтийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх,
зохицуулах чиг үүрэг бүхий эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн
үйлчилгээ үзүүлэх байгууллага /аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр
ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага/, үүрэг хүлээсэн хэрэглэгч,
эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар
тусгажээ. Хуулийн төсөлд эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг
үүрэгтэй эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг эрчим хүчний зохицуулах
хороо хэрэгжүүлэхээр, мөн зохицуулах хорооны бүтцэд эрчим хүчний хэмнэлтийн
бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгайлсан нэгж байхаар хуулийн төслийг
боловсруулсан байна. Түүнчлэн эрчим хүчний барилга байгууламж барих, машин
тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим
хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авсан үүрэг хүлээсэн хэрэглэгч, иргэн
аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх урамшууллыг Агаарын тухай хуульд тусгажээ.
Ийнхүү Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж,
гишүүдийн олонхийн саналаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *