Categories
мэдээ цаг-үе

Эр цэрэг, эгэл аавын дууль

Ээждээ ганцхан, энэ бие хоёулхнаа. Элгэн халуун, эгэл ийм амьдралаас эр цэргийн албанд мордож, Халх голын байлдаанд амь эрсдээгүй хүү харин ээждээ эргэж ирээгүй гунигт түүх 55 жилийн туршид хүлээлт болон үргэлжилнэ. Хэрхэн үргэлжилж, хэрхэн төгссөн тухай өмрөм яриа 2020 оны есдүгээр сарын 4-ний бямба гаригт, олон давхар байшингийн хамгийн өндөр цэгт, том цонхоор ер бусын амгалан харагдах орчин цагийн амьдрал дунд болж байна. Эхнээс нь эмхлэх, эсвэл эцсээс нь хөвөрдөхийг цэгцэлж амжаагүй байхад эс хүлээн бодит түүх өөрөө цаасан дээр ийн буув.

Хүүг Сосорын Найдан гэнэ. Хөвсгөл аймгийн ЦагаанУул суманд төрж, ээжтэйгээ аж төрөн сууж байгаад 1938 онд 20 настайдаа эх орны зүүн хязгаар дахь хилийн 12 дугаар хорооны тавдугаар заставт хилчин болов. Том том цагаан шүд, өтгөн хар хөмсөгтэй, 186 см өндөр нуруутай түүнийг харсан хүн өөр хэнтэй ч андуурах аргагүй. Нутгийнхаа овооны наадмын түрүүг хэдэн удаа авчихсан чилгэр биетэй, адуу малын ажилд жигтэйхэн гүжирмэг тийм л нэгэн эр. Цэрэгт ирээд адуу маллаж, агт маналаа. Удаах жил 1939 онд Халх голын байлдаан эхлэхэд тушаал авч фронт тийш мордон Монгол, Зөвлөлтийн цэргүүдэд агт хүргэх үүргийг гүйцэтгэж байв. Тэд ялалтыг авчирсан, тэнд БНМАУын хил хязгаар, бүрэн эрхт байдлыг олон улсад зөвшөөрөх алхам тавигдсан юм.

Албаа хаагаад хөглөгөр хангай, гүн цэнхэр нуурууддаа хүлээх ижийдээ харих 1941 он гарав.Очоод үнсүүлэх цаг хугацаа сараар хэмжигдэн ойртох тусам нүдэнд бор гэрийнхээ гадаа сүүгээ өргөн торойтол хоцорсон тэр л зураг ахин дахин харагдах санж. Хүүгээсээ өөр бодолгүй, хүүтэйгээ уулзахаас өөр ирээдүйгүй ижийтэй юм чинь.Энэ гурван жил үзсэн, ойлгосон юу эсийг ижийдээ ярьж өгөх билээ. Халх голын дайн, хаяа нь үл харагдах говь нутгийн үзэсгэлэн, хил хязгаарын ахуй байдал, анд нөхөд, адуу мал гээд л… Ай сайхан даа.

Хоёрдугаар сарын 5-ны шөнө агт малладаг салаанд хамт алба хааж байсан дайчин нөхөр Дэндэвийн манаанд гарах ээлж таарч. Өглөө нь түүнийг агттайгаа алга болсныг заставынхан олж мэдээд хэдэн өдөр эрэл сурал хийсэн ч “Хил даваад сураг тасарчээ” гэх таавраас өөр тойм гарсангүй ээ.Тэр шөнө нүүр нүдгүй цасаар шуурч хоносон тул Дэндэвт чухам яг юу тохиолдсоныг хэн ч үл мэдэх билээ. “Адууныхаа араас явсаар төөрснөөс зайлахгүй дээ. Хүчтэй цасан шуурганд уруудсан олон агтыг тогтооно гэдэг санаан зоргоор бүтэх ажил биш” хэмээн адуу, шуурга хоёрын араншинг сайн мэдэх хилчин С.Найдан бодож байлаа. Хил маналцаж, адуучин эрсийн шударга нөхөрлөлөөр бие биедээ итгэж, ээжүүддээ яарч явсан юм. Хил давж зугтсан гэдэг юу л бол… Нэгнийхээ араас ийн харуусахаас өөр хар санаа яахин төрөх. Энэ бодлын үзүүрт түүнийг улс төрийн хэрэгтэн болгох дэгээ отож буйг 22 настай хүү тэгэхэд мэдээгүй. Түүнийг өөр нэг нөхрийн хамт баривчлан хорьж, эх орноосоо урвасан хэрэгт 1941 оныг дуустал харгис ярга хэрэглэн байцаах болно.

“Байлдагч Сосорын Найдан, Сэрээтэрийн Ланжиг нар дайн байлдаанаас айж, эх орноо хамгаалахаас зайлсхийн,бүлэглэн нийлж, буу зэвсэг хэрэглэн, гадаадад оргохоор бэлтгэж байсан” хэмээн тэдний алба хааж байсан тавдугаар заставыг харьяалах 12 дугаар хилийн хорооны тусгай ангийн дарга Хувдайгаас төв рүү илгээсэн бичигт өгүүлжээ. Тэрхүү Хувдай гэгч нь С.Найдан, С.Ланжиг нартай хамт алба хааж байсан цэрэг Гомбожав “С.Найдан, С.Ланжиг хоёр Дэндэвтэй хамт оргохоор бэлтгэж байсан” гэж мэдээлсэн, мөн Дашдорж, Цэндээжав хэмээх хоёр цэрэг гэрчилсэн гэж уг бичигтээ мэдүүлсэн байдаг. Цэргийн нөхдийн мэдүүлсэн, бас гэрчилсэн гэх зүйлийг сонсоход үнэний мөр нэг ч үгүй тул Найдан ихэд гайхан балмагдав. Амьдрал яг л зүүд зэрэглээ шиг байдаг аж. Алга урвуулах төдийд ардын дайсан болж хувирлаа. Өчигдрийн зүйл өнөөдөр хаашаа ч эргэж болдог, үнэн үгүй энэ их хар хүч ямар учиртай юм бэ?

БНМАУ-ын Дээд шүүхийн 1942 оны нэгдүгээр сарын 16нд хуралдсан цэргийн коллегийн хуралдаанаар С.Найдан, С.Ланжиг хоёрыг улс төрийн хэрэгт буруутган эх орноосоо урвагч нэр зүүн буудан хороох ял сонсгожээ. Энэ ялын тогтоол үлдэж хоцорсон ээжид нь“Амьжиргаа залгахаас бусдыг албанаа хураасугай” гэсэн тушаалтай хамт хүрнэ. Одоо ээжид нь Найдан үгүйд дээлтэйгээ амь хатахаас өөр амьжиргаа залгуулахын найдвар ер үлдэнэ гэж үү? Хүү нь ямар гэм хийснийг хэн юугаар нотолсон юм бэ? Шуургатай шөнө манаанд гарсан Дэндэв адуутайгаа алдуурсны дараа заставын удирдлага, хорооны тусгай ангийн дарга нар энэ явдлын хариуцлагыг үүрэх зэмээс хамгийн итгэл үнэмшилтэйгээр, бас өөрсдөдөө алдар гавьяатайгаар мултрахын тулд тухайн цаг үед нийгмийн гол дайсан болоод байсан улс төрийн хэрэгтнүүдийг ДЯЯ-нд олж тушаахаар бажгадав. Ингэхдээ Дэндэвтэй хамт агтны салаанд алба хаасан С.Найдан, С.Ланжиг хоёрыг олзлов. Хэрэг тохоход эзэн олдсон нь тэр хоёр болсон юм. Баривчлан тушаав. “Эх орноос зугтах, урван тэрслэх үйлдэл бүү хэл, үг хэлээгүй” хэмээн хэчнээн өчивч тэгэх тусам хэрцгийлэх Дотоод явдлын яамны мөрдөн байцаагч Нямжавын (зарим баримтад Нямсүрэн гэжээ)аргад орж, нэг жилийн дараа хилс хэргийг гэмгүй хоёр залуу хүлээхэд хүрч цөхөрсөн юм.

Буудан хороох шийдвэр гарсан өдрөөс тав хоног өнгөрөөд байлаа. Энэ өдөр нууцаар хуралдсан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн хоёрдугаар хурлаас тэдний амь насыг буудаж хороох ялаас хэлтрүүлж. Эндээс гарсан тогтоолд “…Найдан нарын үйлдсэн хэрэг нь эх орноосоо зугтаж, ард түмний итгэмжээр хүлээсэн хувьсгалт цэргийн хүний туйлын хүндэт гавьяат үүрэг зорилгыг няцаан орхисон явдал нь үзэшгүй жигшүүртэй бөгөөд хүнд хэрэг мөн боловч эд нар нас залуу бөгөөд сурч боловсорсон мэдлэг боловсролоор бага ба сургаж хүмүүжүүлсэн явдал дорой байсан зэрэг байдлыг тус тус хянан үзээд, цаашид зөвөөр засран хүмүүжиж болох юм гэж үзэж буудан алах ялаас хэлтрүүлэн, хорих ялын дээд хэмжээг тогтоов” гэжээ. Тэр үед хорих ялын дээд хэмжээ 10 жил бөгөөд С.Найдан чанга дэглэмтэй гянданд 10 жилийг өнгөрүүлэх болсноо ийн сонслоо. Амьд үлдэхийн зол гэж байдаг аж. Тавхан хоногийн өмнө алагдах ял сонсож байсан бол өнөөдөр хүү ээждээ заавал очих ёстойгоо л бодно. Яагаад гэвэл хүү ээждээ, ээж нь хүүдээ ганцхан. Гянданд сууна гэж юу болохыг С.Найдан төсөөлж байсангүй. Ерөөс төсөөлж болох эд биш гэдэг нь эхний өдрөөс ойлгомжтой болов. Харанхуй чийгтэй энэ нүхнээс хэрийн хүн амьд гарч чаддаггүй юм байна. Хүнд хүчрийг дийлэлгүй амьсгал хураахыг олонтаа үзэв. Гэвч энэ газар түүний хувьд ээждээ эсэн мэнд очих гүүр болж эцсийн мөчид заяасан мэт санан өөрийгөө зоригжуулна.

Дэлхийн хоёрдугаар дайн хөрш Зөвлөлтөд өрнөж, гяндангийн бүү хэл гэртээ байсан монголчууд өлөн зэлмүүн амьдарч байсан үе.

С.Найдан хоригдлуудын хамт газар дор 10 жил эсгий гутал хийжээ. Цогцсуудыг бөөгнүүлэн өрөөний буланд хураан зайчилсан хэсэгт нойтон эсгийтэй өдөржин ноцолдож суухдаа энд ажилладаг хоригдлуудын хэд нь маргааш амь тавин өнөөх булан руу шидэгдэхээ хэн нь ч бодох тэнхэлгүй гөлийцгөөжээ. Жир хүний ой тойнд багтахгүй 3650 хоногийг С.Найдан давсан юм. Харин ээж нь хүүгээ хүлээж дийлсэнгүй ээ. Түүнийг гянданд байх хугацаанд тэнгэрт одчихсон байлаа.

Суллагдаж, энгийн иргэн болсон ч ээжийн шарил орших төрсөн нутагтаа явах эрхгүйгээр цөлөгдөж, Завхан аймгийг төрөөс түүнд заав. Заасан нутагт, заасан хугацаанд ажиллаж амьдраад 40 эргэм насандаа л харих эрхээ сая нэг авчээ. Хүлээсэн хүнгүй ч хонгорхон зүстэйгээсээ 20 жил хүсэж мөрөөдсөн төрөлх нутагтаа төвхнөсөн нь Хөвсгөл аймгийн Арбулаг сум байлаа. Хийж чадмаар, зориод явмаар ажил байвч түүнийг улс төрийн гэмт хэрэгтэн гэж дээд газраас цоллоод тавьсан нь ажилд авахгүйн гачлан болно. Галч, харуул, аль хар бороос олдсоныг нь хийж, өгснийг нь авсаар амь зуух аргаа олж, өдөр хоногийг өнгөрөөж явав. С.Найдан маш хөдөлмөрч, гарын уртай, бүтээлч сэтгэлгээтэй, аж ахуйч хүн болох нь нутгийн олонд даруй танигдах нь тэр. Хамгийн олон жил хийсэн ажил нь худгийн моторчин. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Буянтын хөндийд байдаг нэгэн худаг хожмоо нутгийнхны дунд “Найдангийн худаг” хэмээн нэршсэн билээ. Аймаг, сумаас түймэр, үер, зуд, отор, туувар гээд олны хүч шаардлагатай ажлын тэргүүн шугаманд С.Найданг дайчилна. Ямар ч ажил хийсэн хамгийн бага цалинг түүнд л өгнө. Хувьдаа мал хөрөнгөтөй болох зэрэг хүний дайтай амьдрах, оюун сэтгэлийн хувьд чөлөөтөй амьсгалах нь түүнд хориотой байлаа. Ял шийтгэлийн оноосон хугацаа дууссан ч өөрийнх нь нотолж чадаагүй үнэнийг өөрөөс нь өөр хүн мэдэхгүйн гачланг ганцаараа эдэлж явна.

Хилс шийтгэл цаг хугацаа шиг өөрийнх нь хамт урссаар, элээсээр, насан туршид нь үргэлжлэхийг тэр хүлцэхийг бас хүсээгүй юм. Үнэн нэг л байдаг. Тэр үнэн түүний дотор байгаа тул зүрх зоригтой, хүч тэнхээтэй амьдрах учиртай. С.Найдан хилс ялыг гяндан, цөллөгт биеэр эдэлж дуусгаад 15 жилийн дараа анх удаа 1958 онд БНМАУын Дээд шүүхэд хандав. Эх орноосоо урваагүй, гадаад улсад оргон зайлахаар бэлдэж байгаагүй гэдгээ нягтлуулж шалгуулах хүсэлтээ өргөдөлдөө илэрхийлэв. Хариу өгсөнгүй. Дахин 1962 онд бас нэг горьдлого тээн бичив. Хариу ирсэнгүй. Үнэнийг үзэхийн тулд амьдрал үргэлжилнэ.

С.Найдан хэвийх амьдралдаа хожуухан гэрлэж, 60 настайдаа хоёр сартай нялзрай охиныг үрчлэн авч, энхрий цагаахан охиноо нүдний цөцгий мэт хайрлан өсгөв. Түүний охин Найдангийн Дэлгэрчимэг билээ.“Есдүгээр сарын 10 бол миний аав шиг хэлж ирээгүй хилс хэрэгт хэлмэгдэж, насан туршид яллагдсан, өр зүрхэндээ үнэнийг гэрчлэн, гагцхүү үнэнийг үзэхийн төлөө өөр өөрийнхөөрөө амьдарсан хүмүүсийн өдөр. Аав минь 55 жилийн турш үнэнийг өгүүлсэн хуудас цаас хүлээж амьдарсан юм шүү дээ” хэмээнэ.

Насан туршид хүлээсэн түүний үнэн нотлогдоход С.Найдан 78 настай, 1941 оны тэр нэгэн шуургатай шөнөөс хойш 55 жил өнгөрчээ. Охинд ааваас нь үлдсэн хамгийн нандин зүйл бол 1996 оны арванхоёрдугаар сарын 5-ны огноотой Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол. “Цагаатгасан тухай”.

“1962 онд бичсэн өргөдлийн дагуу хэргийг дахин хянасан НАХЯны шалгалтын дүн гарахад миний аав С.Найдан болон түүний хамт хэрэг хүлээсэн С.Ланжиг нарыг гэм буруугүй болохыг баталж, хилсдүүлсэн гэм буруутныг тогтоочихсон байсан юм билээ. Гэхдээ аавд минь энэ талаар 1996 он хүртэл огт мэдэгдээгүй.

1996 онд цагаатгагдсанаас бүхэл бүтэн 34 жилийн өмнө хилс хэрэг болохыг тогтоочихсон байтлаа хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаагүй орхисон байж шүү дээ. Дээд шүүхийн тэмдэглэлийг архиваас үзээд миний хамгийн их өр өвдөж шаналсан зүйл бол ердөө л энэ. “Буруугүй байсан чинь үнэн юм байна” гээд л хэлчихгүй дээ… Үүгээрээ аавыг минь 34 жил дахин ялласнаас өөрцгүй.

Аав минь хэдэн ч удаа хэлмэгдсэн юм бэ дээ” гэж Н.Дэлгэрчимэг ярьж байна.

НАХЯ-ны намын хорооны товчооны гишүүдийн 1962 оны тавдугаар сарын 25ны 21/109 дүгээр тогтоолд “…Хувдай 1941 онд 12 дугаар хорооны тусгай ангийн дарга байхдаа байлдагч Ланжиг, Найдан нарыг эх орноосоо урван гадаадад оргох гэсэн гэдэг ор үндэсгүй материалаар хилс хэрэгт дайчлан уг хэргийг үндэстэй болгохын тулд гүйцэтгэх ажлын зарчмыг ноцтой зөрчиж байсан ба эдгээр хүмүүсийн хэрэгт зохиомол гэрчүүдийн мэдүүлгийг байлдагч Гомбожав, Дашдорж, Цэндээжав нарын нэрээр өөрөө зохион бичиж Ланжиг, Найдан нарыг чанга дэглэмтэй гянданд 10 жилээр шийтгүүлэн ноцтой завхрал, алдаа гаргасан нь шалгах хэлтсийн шалгалтаар бүрэн батлагдсан тул Хувдайг уг хэрэгт нь намаас хөөв” гэжээ. Хэлмэгдүүлэх шалтгаан, нөхцөлийг зохион байгуулсан Хувдайг намаас хөөж гэнэ. Ингээд л болж. Гэтэл хилсээр гүтгэгдэн шийтгэгдсэн хэргийг дахин нягталж өгөхийг хүсэж өргөдөл бичсээр байсан С.Найдан нарыг цагаатгалгүй орхисон нь энэ.

“Аавынхаа гуньж гутарч суухыг би үзээгүй. Бас юунд ч тэгтлээ баярлаж хөөрдөггүй, сэтгэл хөдлөлөө далд хийчихсэн, тун хэрсүү хүн байлаа. Тааваараа, гэхдээ хэнд ч түвэггүй орших орон зайг л эрэлхийлдэг байсан байх. Бусдын үзэл санааг эрхэмлэдэг. Хүн хар толгойгоо хариуцах ёстой гэсэн хатуу байр суурьтай. Хүнд саймширч тал засч чаддаггүй. “Өдөр тутмын, ахуйн, ажлын ярианаас хальдаггүй хачин хүн шүү” гэж аавын минь талаар садан төрлүүд ярилцахыг олонтаа сонсож явлаа. “Сэтгэл нь цоожтой болохоор…”. Ээж минь 20 шахам жил ханилсан түүнийгээ нэгэнтээ ийн оношилсон нь тухайн үед арав гаруйхан настай байсан миний чихэнд тун чиг содон сонсогдож билээ. Аав ганцхан тохиолдолд гашуун үг хэлж, хэнтэй ч нүүр тулах цөстөй нэгэн болж орхидог юм. Аав худал хуурмагийг л үзэж чадахгүй. Архи амсдаггүй, их цэмцгэр, дэгжин хээнцэр, үүгээрээ их алдартай. Хэнийг ч алагчилдаггүй, дайлж цайламтгай, халуун сэтгэлтэй ээж минь их эрт өнгөрчихсөн болохоор аавд миний төлөө угааж цэвэрлэх, хоол унд бэлтгэх гэр орны ажилд эцэж ядрах эрх байгаагүй болов уу гэж бодон өрөвддөг юм. Харьж явахад хаа холоос үнэр нь сэнхийн алхаа түргэтгэдэг амттайхан талх барина, цагаан сарын хэвийн боовыг урлагийн бүтээл болгоно. Айлууд шинийн боов боорцгоо хийлгэх гэж аавыг минь урилгаар дарчихдагсан. Манайх гэж аав өөрөө хийсэн модон гоё ор, шүүгээнүүдтэй, тохилог цэвэрхэн айл байлаа. Аав төмрөөр сайхан дарх хийнэ. Гал тогооны хэрэгслээ бүгдийг нь өөрөө л урласан. Түүний мөрөөдөл уран барималч болох байсан юм гэнэ лээ. Даанч тийм боломж яахин олдох билээ дээ. Аав зүгээр нэг уран гартай, эв дүйтэй гэхээсээ нарийн мэдрэмжтэй, хувийн өндөр соёлтой хүн байсан юм.Ихэвчлэн албаны маягийн хувцаслана. Гэрт, гадуур ялгаагүй сорочкин цамцнаас салахгүй.Дээл хэрэгтэй болбол өөрөө л оёод өмсчихнө, гутлаа хийчихнэ, уйгаржин монголоор уншиж бичдэг, радиогоор олон улсын мэдээ чагнах их дуртайсан. Зав л гарвал ном уншина. Монголын уран зохиолоос “Онцгой эрх”,Оросынхоос “Дөлгөөн Дон” хайртай бүтээлүүд нь байж. Намайг дунд ангид ормогц энэ хоёрыг уншуулахаар өгчихөөд, намайг жаахан гэж гололгүй юу ойлгосон талаар минь ярилцах гэдэгсэн. Намайг сургууль дээр зохиогддог олон нийтийн ажилд оролцуулах, төрөл бүрийн уралдаан, дугуйлан секцэнд хамруулах их сонирхолтой. Би гэж хар багаасаа хэнхэг юм болчихсон, өглөө гараад л ажилтай хүн шиг орой харина. Аав минь охиноо бие даасан зантай, том хүн болохыг харах гэж их хүлээдэг байсных юм болов уу даа. Туулсан амьдралаасаа тэс ондоо, итгэхийн аргагүй зөөлөн зүрхтэй хөх өвгөн байлаа даа, миний аав.Жаахан хүүхэд шиг амттанд дурлана аа, бас”.

С.Найдан эх орноосоо урваагүй, урвах талаар бодож байгаагүйг нотлон, хилс хэргээр яллагдаж байсныг цагаатгасан бичиг 55 жилийн дараа гарт нь нэг л өдөр хүрээд ирсэн! Хэн нэгнээс амар эрсэн ээлжит захидал хүлээж авсан мэт тайван унших С.Найдан. Тэр бичгийг хүргэж ирсэн хүн “Та баярлаж байна уу?” гэж бүр хоёр удаа лавлан асуув. Удаан, хэтэрхий удаан хүлээсэн мөч болоход, өмнө нь зөвхөн өөрийнх нь байсан үнэн ялж бүгдийнх болоход тэр аль хэдийн ийм асуултад хариулах хүсэлгүй болчихсон байлаа. Их хэлмэгдүүлэлт Монголын сор болсон ухаантнуудын толгойг тэгшлэн тайрсны гадна эгэл боргил хилчин С.Найдан шиг хүмүүсийг тамлан зовоож, монгол хүн монгол хүнээ хороосон, насан туршийн амьдралаар нь хохироосон ийм нэгэн бодит түүх энд бичигдлээ. Ээждээ яарсан он жилүүд, дараа нь төрийн зарлигийг хүлээсэн 55 жил. Түүний амьдрал хүлээлт байжээ. Тэр зүгээр л хүлээж байсангүй, эр хүн шиг, эцэг хүн шиг хүлээсэн. Тэнгэрт хальсан ээжийнхээ, эхнэрийнхээ өмнөөс хэнзхэн охиноо их сургууль төгсөхийг нь үзэх гэсэн хүлээлт түүний амьдралын төлөөх тэмцэл, эр зориг болон үргэлжилсэн юм. Айлын залуу эр хайнагийн шаранд цамнуулж малчны хотоор нэг шуугиан болоход жар хол гарсан С.Найдан гүйн очиж галзууртлаа уурласан хайнагийн эврээс зүүгдэж хүзүүг нь дарж унаган мөнөөх залууг аварсан ч өөрөө аймгийн эмнэлэгт хүргэгдэж, буцаж ирэхдээ зүүн талын гар нь тахир болон эдгэжээ. С.Найдан гараа гэмтээсэн энэ явдлын төлөө өөртөө харамссангүй, харин жаахан охиноо илүү сайн хамгаалах гар түүнд хэрэгтэй байсанд л гэмшсэн гэдэг. Аав, охин хоёр олон жилийг хамтдаа өнгөрүүлж, аав нь охиндоо хийж чадах бүхнээ сэтгэл харамгүй зориулж чадсан билээ. Н.Дэлгэрчимэг охин нь 1999 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, МҮОНТВийн “Монголын мэдээ” агентлагт ажиллахаар болсон баярт мэдээг аав нь сонсож, энэ амьдралд бүтэн жаргаж амжсан юм. С.Найдан 2001 онд 83 насандаа өвчний улмаас таалал төгсөхийнхөө өмнө “Миний охин сайн ажилладаг юм шүү. Ээ дээ, хүн гүтгэв ээ. Үнэн, худлыг магадалж яваарай” хэмээн захижээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *