Ерөнхийлөгч, УИХ хоёрын дунд Үндсэн хуулийн зөрчилдөөн үүсчихлээ. Манайдаа шинэ үзэгдэл л дээ. Уг нь УИХ-ын тухай болон Ерөнхийлөгчийн тухай хуулиудын аль алинд нь тарах тухай заалт бий. Өмнө нь ашиглаж яваагүй ч хуульдаа тусгаад өгчихсөн зүйл. Ерөнхийлөгч саяхан өгсөн ярилцлагадаа “Хэрвээ УИХ тарахгүй бол би өлсгөлөн зарлах юм уу” гэсэн утгатай үг унагана лээ. Яг ч өлсөнө гээгүй л дээ. Гэхдээ УИХ-ыг тараахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн өнгө аяс цухалзуулсан мэдэгдэл хийчихлээ.
Товчхондоо төрийн тэргүүн, парламентын дундах зөрчилдөөнөөс шалтгаалж УИХ-аа тараах уу, эсвэл Ерөнхийлөгчөө өлсгөх үү гэсэн сонголтын өмнө улсаараа ирээд байна. Аль нь Монгол гэдэг улсад гарз багатай вэ гэсэн асуулт хамгийн түрүүнд тавигдаж таарна. Парламент тарлаа гэж бодъё. Энгийнээр хэлбэл төр засаггүй аж төрнө гэсэн үг. Учир нь төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. Төргүй, УИХ-гүй бол Засгийн газар ямар ч чадамжгүй. Парламент тарлаа гэхэд УИХ дараагийн сонгуулийн товыг зарлаад үүргээсээ татгалзах хуультай. Сонгууль болж шинэ гишүүд тангараг өргөтөл ямар ч чадамжгүй болсон Засгийн газар улсаа удирдах уу, Ерөнхийлөгч засгийн жолоог атгах уу гэдэг асуудал сөхөгдөж таарна.
Юутай ч УИХ-ын шинэ сонгууль болж таарна. Яг одооны нөхцөлд парламентын сонгуулийг шинээр зарлахдаа тулбал ямар нөхдүүд гарч ирэх бол гэсэн том асуулт бий. Гадаадын хөрөнгө оруулагчдад хориг тавихыг илүүд үздэг, оффшорчдыг устгана хэмээн чанга дуугардаг, Оюу толгойг хаана, “Рио тинто”-г хөөж гаргана гэж хөндлөнтдөг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх өндөр сэдэлтэй хүмүүс УИХ-д олонх болж орж ирэх нь бараг л тодорхой үнэн.
Ийм чигтэй гишүүд парламентад олонх болчихвол цаашид ямар үйл явдал яаж өрнөх нь хэтэрхий ойлгомжтой. Ерөнхийлөгчийн засаглал тогтоно, нэг хүний дарангуйлалд орно, хоёр хөршийнхөө хайрыг татсан улс болж хувирна. Яагаад гэвэл тэд биднийг яг ийм байгаасай гэж хүсдэгээ нэг их нуугаад байдаггүй. Хатуу ч гэлээ үнэн нь энэ. Ийм улс болж хөгжсөнөөс одоогийнхоороо үлдэж, яст мэлхийн хурдаар ч болтугай урагшилсан нь хавьгүй илүү шийдэл.
Ганцхан хүний дохио зангаагаар хөдөлдөг улс болчихсон үед юу сайхан харагдана гээ. Одоогийн хэдхэн ЖДҮ-тэй парламент мөрөөдлийн мэт санагдана. Мэдээж жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан бага хүүтэй зээлийг булааж авах сэтгэлтэй улс олноороо эрх мэдэл атгаж суугаа нь энэ парламентыг муухай харагдуулж байгаа. Хүүхдээсээ хоолыг нь булааж идсэнээс ялгаагүй үйлдэл гаргасан гишүүдтэй энэ УИХ сайны жишиг биш. Ганц хүний дарангуйлалд харц доогуур аж төрснөөс сайн, муу холилдсон ч олноороо хэлэлцэж шийдвэр гаргадаг УИХ-тай амьдарсан нь дээр гэсэн санаагаар жишлээ л дээ.
Монголчууд хүн төрөлхтний ухаантай, хөгжилтэй хэсгийнх нь олноороо сонгосон ардчиллын замаар алхдаг. Өнөөдрийн Монголыг том зургаар нь харвал асуудал ихтэй нь үнэн. Авлигад идэгдсэн, төрийн түшээдийн олонхи нь хувийн хонжоо, бүлэглэлийнхээ сонирхлыг улсын эрх ашгийн дээгүүрт тавьдаг, мэргэшээгүй парламенттай, сайдын суудалд зангарагтай нь биш хор найруулдгууд нь тухалдаг, төрийн албанд чадвартай нь биш цүнх баригчид үүрлэсэн, баялаг бүтээгчид нь буруу бодлого, өндөр хүүнээс болж өндийж чаддаггүй гэж ирээд яривал гунигтай жишээ, саарал өнгө их. Гэхдээ 28 жилийн өмнөхөөс урагшилсаар яваа нь бас үнэн. ТОП-100 компанийнх нь нэлээд нь олон улсын хэмжээнд сэтгэж өндийж эхэлсэн, дэлхийн акулуудын нэг “Рио тинто” –той түншилсэн, нар, салхиа эрчим хүч болгоод Зүүн хойд Ази руу зарах амбицаа ажил болгоод эхэлсэн, цэнхэр гаригийн стандартаар ажилладаг эмнэлэг, хичээллэдэг сургуулиудтай, Apple, Google, Facebook-т ажилладаг залуустай, дэлхийн шилдэг сургуулиудад лекц уншдаг эрдэмтэн судлаачидтай гэж ирээд яривал ардчиллыг сонгосны үнэ цэнэ хэмжишгүй өндөр. Хамгийн гол нь ард түмэн нь айдас хүйдэсгүй ардчилсан нийгэмд амьдардаг.
Хүнлэг ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийг сонгосон 28 жилд амьдрал ямар өнгөтэй болсны наад захын тод жишээ нь Улаанбаатарын өнөөдрийн өнгө. 1990 онд ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн нь бүхний нүдэнд ил байна. Орчин үеийн загвар хийцээр өнгө булаалдах барилгууд, бөмбөрцгийн хаана ч үйлчилгээ үзүүлдэг сүлжээ зочид буудал, дэлгүүр, брэндүүд, замаар сүлжилдэх машинууд гэж ирээд яривал хуучин нийгмийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Орчин цагийн өндөр хөгжилтэй улсын суурингийнхнаас дутах-гүй ахуйд бид аж төрж яваа.
Тэгэхээр засаглалаа солино гэж хадуурахын оронд засаглалаа яаж сайжруулах вэ гэсэн гарц гаргалгааг хайж, бодитой шийдлүүдийг олох л хамгийн зөв гарц. Улсаараа ганц хүний дарангуйллыг сонгож, хоёр хөршөө дагаж хаантай болсноос парламентын засаглалаа сонгодог болгохын тулд яах ёстой дээр толгойгоо гашилгамаар байна. Үндсэн хуулиа өөрчилж шинэчилж, засаглалаа сайжруулчихаад урьдынхаараа УИХ-аа дөрвөн жилдээ нэг удаа сонгочихоод, өнөөгийнхөөрөө ардчилсан, зах зээлийн замаас гажилгүйхэн шиг урагшлахаас өөр мэргэн сонголт алга даа, бидэнд. Тэгэхлээр одоохондоо Ерөнхийлөгчөө өлсгөсөн нь дээр байх аа. Харин та юу гэж бодож байна?