Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Epoch: Хүн бол миний мэдэх хамгийн хэрцгий араатан

“Chizz420” студийн залуу артист “Epoch” нэрээр олонд танигдсан реппер Э.Гомбосүрэнтэй ярилцлаа.

Тэрээр “Араатан”, “Асуултын тэмдэг”, “Маргаашнаас” зэрэг дуунуудаа гаргаад буй.


-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Сүүлд “Trapie Donna” гэх шинэ артисттай хамтарч “Nahh” гэдэг дуу хийсэн. Түүнийгээ soundcloud-ээр цацсан.

-Одоо “Chizz420” студид харьяалагддаг уу?

-Тийм ээ. Санаа нийлсэн найзуудтайгаа энэхүү студээ байгуулсан болохоор өөр студийн санал огт хүлээж авдаггүй. Одоогоор есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Хэзээнээс эхэлж дуулах болов?

-Анх 2016 онд дууны үг бичиж байсан. Тэгээд 2017 онд хоолой бичлэгт ороод 2018 онд “Араатан” гэх дуугаа цацаж байлаа. Харин “Араатан” дуугаа цацсанаас болж хариуцлага хүлээсэн. Тэгээд л хэсэг завсарласны дараа найзуудтайгаа ярилцаж, мөнгө хураагаад 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд студийн засварын ажлаа эхэлж байсан даа.

-“Араатан” дуу нэлээд олон хүнд хүрч, шуугиан тарьсан. Дуугаа бичихдээ нийгмийн хар бараан гэх ч юмуу. Тэр өнцгийг харж бичдэг үү?

-2018 онд цацсан “Араатан”, 2020 онд цацсан “Араатан Chapter II” нь өөр хоёр дуу юм. Ер нь ийм дуу хийх ёстой, ийм байх ёстой гэж өөрийгөө хайрцагладаггүй. Өөрийнхөө хүслээр дуугаа бүтээдэг. Ихэвчлэн өөрийн мэдэрсэн зүйлээ л дуу болгодог. Гэхдээ “Араатан” миний мэдэрсэн зүйл биш шүү/ инээв/.

-Одоогоор хичнээн дуу хийсэн бэ?

Дуугаа тоолдоггүй ээ. Гэхдээ 20 нэлээд дөхсөн байх аа.

-Ер нь дуугаа soundcloud-ээр цацдаг уу?

-Youtube, soundcloud хослуулаад дуугаа цацна. Сүүлийн үед Youtube ашиглаж байгаа.

-Ер нь хүнд сэдвээр дуу хийдэг юм шиг ээ?

-Олонд хүрсэн дуунууд нь хүнд сэдэвтэй санагддаг байх. Ер нь нялуунаас шулуун нь дээр гээд хайрын дуун дээрээ ч ширүүн ширүүн үг хэрэглэчихдэг/инээв/.

-Өөрийгөө араатантай зүйрлэсэн байсан. Яагаад араатан гэж…?

-Цав цагаан цаасан дээр сараачна бид бол араатан… Ер нь бүгд л санаатай санаагүй. Зүгээр гудманд зөрөхдөө ч араатан шинжийг удамшуулж байдаг. Хүн бол миний мэдэх хамгийн хэрцгий араатан…

-“Orice” найздаа зориулж дуу хийсэн байсан. Ер нь дотно хүн дэргэдээс нь бүр мөсөн холдоход одоо ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг болов уу...?

-Мэдээж хэрэг хүнийг санана гэдэг хамгийн хүнд сэтгэцийн өвчин гэж боддог. Одоо ч дуугаа хийхдээ ч дурсдаг.

-Дууны үгээ хэр бодож бичдэг вэ. Удах уу?

-Заримдаа 10 минут болдог. Мөн 2, 3 сар ч болох үе бий. Юуг хэр гүнзгий мэдэрсэнээс л хамаараад байх шиг байдаг.

-Залуу хүний хувьд өнөөгийн энэ нийгмийг яаж харж байна?

-Надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Нэг үеэ бодвол дан ганц хөгжим ч гэлтгүй аль аль талдаа хөгжөөд дэлхийд гарах боломж нээлттэй болсон. Залуу үеэ ойлгох, дэмжих л чухал даа.

-СУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу. Дуугаа хийгээд явах уу

– “Chizz420” студидээ л залуу насаа зориулна гэж боддог.

-Одоо ямар дуу гаргахаар төлөвлөсөн. Сонсогчид нь дуу гаргахыг нь хүлээж л байгаа болов уу?

-Миний дууг хүлээдэг хүмүүстээ баярлалаа. Удахгүй дуунуудаа ар араас нь цацна аа.

-Таныг мэс хүргүүлсэн гэж дуулсан юм байна. Одоо гайгүй юу?

-Үл ойлголцол, маргаанаас болж мэс хүргүүлж байсан. Ер нь hip hop амьдрал хэцүү дээ/инээв/.

-Аав ээжийнхээ ачийг хариулна гээд ярьдаг. Таны хувьд ачийг нь хариулж чадаж байгаа юу?

-Ач хариулна гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Үнэнийг хэлэхэд одоохондоо чадахгүй байгаа. Ер нь амьдад нь сайн яваагаа харуулахад л болох байх гэж боддог.

-Найз охинтой юу?

-Байхгүй ээ.

-Цаашид ямар уран бүтээлчидтэй хамтрахаар болсон бэ?

-O.G Mob-ийн Esteem, Pacrap, Gemlest зэрэг хамтралууд яригдаж эхэлсэн. Удахгүй шинэ дуугаар уулзана гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *