Улаанбаатар хотыг “Цахим хот” болгохын тулд хэрэгжүүлж буй төслүүдээ нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулав.
eParent аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүд нь сургуулийн автобусанд суусан эсэх, автобусны байршлыг хянаж болох юм байна. Түүнээс гадна үдийн хоолны цэс, хүүхдүүдийн ирцийг хянаж, багштай нь шууд харилцах боломжийг олгох ажээ.
Түүнчлэн Digital city аппликэйшнээр дамжуулж өрхийн эмнэлэгт үзүүлэх цаг авах, нийтийн тээврийн автобусны бодит хугацаа байршлыг харах, засвартай болон хаасан замуудын мэдээллийг үзэх, нэг цэгээс нөгөө цэг хүртэлх замын тооцооллыг мэдэх зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болох аж.
Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд үндэсний 70 гаруй аж ахуйн нэгж, технологийн томоохон компаниудад ажилладаг 1,000 гаруй инженер хамтарч байгаа юм.
Технологийн шинэ шийдлүүдийг Хотын дарга танилцуулах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээний талаар мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхээр ePass-ийг нэвтрүүлнэ. Одоогийн смарт карт нь будилаантай. Магадгүй 1.6 сая иргэний дата Сөүл рүү явж байгаа ч юм билүү. Энэ эрсдэлээс болгоомжилж, УБ Смарт карт ХХК-ийн хувьцааг хот руу шилжүүлэх асуудлыг ярьж байгаа. Үүн дээр үндэсний компаниуд үнэхээр сайн технологийг хийчихсэн. Нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээв.