Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн 5 жилийн дундажаас 66 тохиолдлоор их байна. Өвчлөл 2 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Гарыг сайтар савандаж угаах;
- Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
- Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
- Улиралд тохируулан хувцаслах;
- Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
- Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
- Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
- Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
- Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом, хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
- Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
- Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
- Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
- Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах;