Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхтайваны гүүрний хажууд “Усан парк барина” гэж хашаалсан газарт “25 давхар орон сууцны хороолол” бариад эхэлжээ DNN.mn

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байлаа.

Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд Монголчууд яг л далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “M&G” констракшны тэрхүү гоё үг залилан байсан байж болзошгүй байна. Учир нь усан парк барина гэж авсан тус газарт одоо 25 давхар орон сууцны хороолол буюу “ширэн бетон” баригдаж эхэлсэн төдийгүй аль хэдийн захиалгаа аваад эхэлжээ.

-УСАН ПАРК БАРИНА ГЭХ “САЙХАН” ҮЛГЭР ЗАМХАРЧ, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛОН ӨӨРЧЛӨГДӨВ-

Азид хамгийн томд тооцогдох байсан тэрхүү усан парк барих төслийг “M&G” констракшн анх санаачилжээ. Мөн төсөлд БОАЖЯ, Барилга хот байгуулалтын яам хамтран ажиллаж байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байж. Зураг төслийн дагуу цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болох байв.

Тухайн үед тус констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан “Төв Азидаа тэргүүлэх хэмжээний энтертайнмент уг төвд “зочид буудал, оффис, брендийн дэлгүүр, хоолны газар гээд ер нь жуулчид Монголд ирэхэд авч болох бүх үйлчилгээг цогцоор нь байлгах аялал жуулчлалын хамгийн том төв байх болно” гэж ярьж байжээ. Гэвч түүний ярьсан үлгэр замхарч, “усан парк барина” гэж хашаалсан талбайд одоо орон сууцны хороолол баригдаж байна.

“M&G” констракшн компани нь 2005 онд байгуулагдсан бөгөөд бид бүхний сайн мэдэх “Рояал Кастл”, “Блью скай”, “Моннис”, “Туушин” зэрэг барилгуудын ажилд оролцож байжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус компани В.Ганбаатар, А.Амарбаясгалан гэх хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байна. Харин усан паркийн барилгын гүйцэтгэгчээр “БҮТИ” гэх компани ажиллана гэж тухайн үед ярьж байж. Харин БҮТИ нь “M&G” констракшний эзэмшигч В.Ганбаатарын нэр дээр бүртгэлтэй компани.

-ГАЗАР ОЛГОЛТ, БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЦААНА АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Хотын хүн ам нэг газарт бөөгнөрч бус тэлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энхтайваны гүүр бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төв цэгүүдийн нэг. Хэрэв тэнд 25 давхар олон арван орон сууц барьчихвал мянга, мянган оршин суугчийн бөөгнөрөл бий болно. Ингэснээр Олимп, Энхтайваны гүүр, Нарны зам яагаад ч ачааллаа дийлэхээргүй дүр зураг харагдаж байгаа юм. Товчхондоо та энэ хэсэг газар руу автомашинтайгаа орсон бол гарч чадахгүй, гарсан бол буцаж орж чадахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Нөгөө талаар барилгын үйл ажиллагааны улмаас Дунд голын урсац тасрах, голын ай сав дотор баригдаж буй барилга өөрөө ч усанд автах эрсдэл үүсэж болзошгүй.

Азидаа хамгийн томд тооцогдох усан парк Монголд баригдана гэх мэдээ анх гармагц хэсэгтээ л иргэдийг шуугиулж байв. Гэвч 2016 оноос хойш барилгын ажил явагдалгүй удсаар ийнхүү зургаан жилийн дараа орон сууцны хороолол бариад эхэлсэн нь ард иргэдийг мартуулж байгаад үндсэн зорилгодоо хүрч байгаа мэт. Үүнээс барилгын зөвшөөрөл, газар олголтын цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг байж болзошгүй гэх хардлага төрж байна. Мөн энэ хэрэгт хууль хяналтын байгууллагын алба хаагчид нөлөөлсөн байж ч болзошгүй байгаа юм. Тиймээс Isee.mn сайтын редакц энэхүү мэдээллээрээ дамжуулж АТГ-ыг уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсэж байна. Мөн хотын дарга Д.Сумъяабазараас энэ хэсэг голын ай сав газрыг хамгаалан, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болгон тохижуулж, хотыг бөөгнөрүүлж биш тэлж хөгжүүлэх бодлого барьж ажиллахыг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: isee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *