Арванхоёрдугаар сарын 3-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрний гэрлийн шон, бетон хашлагыг мөргөсөн осол гарчээ.
Тухайн автомашиныг барьж явсан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба хурдаа тохируулж яваагүйн улмаас осол гаргасан аж.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна хэмээн ТЦА-аас мэдээллээ.
Өнөөдөр бүртгэгдсэн ослоос дурдвал:
2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.
2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.