Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн баг өчигдөр эх орондоо ирлээ.
Энэ удаагийн ээлжээр дэд хурандаа Н.Ууганбаяр захирагчтай энхийг сахиулагчид АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр ажилласан бөгөөд 2015 оны хоёрдугаар сараас анхны ээлж дээрх бүс нутагт үүрэг гүйцэтгэж эхэлсэн аж. Тус цэргийн багт Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагын алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.