Энэ хооронд тус улсын эрх баригчид дархлаажуулалтыг түргэсгэхийг хичээсээр байгаа юм. Энэтхэг улс өдөрт 8 сая гаруй тун вакцин хүмүүст тарьж, өмнөх амжилтаа шинэчилжээ.
Үүнээс өмнөх дээд амжилт нь өдөрт 4 сая гаруй тун вакцин тарьсан явдал юм. Энэтхэг улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард вакцинжуулалтын хурд хэсэг хугацаанд нэмэгдсэн ч удалгүй уналтад орсон юм. Зарим мужид вакцины хомсдол бий болж, дархлаажуулалтын аян саармагжиж байлаа. Үүнээс үүдэн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар шүүмжлэлд өртөж байв. Харин Ерөнхий Сайд Моди “Зургадугаар сарын 21-нээс эхэлж бүх иргэн вакцинаа үнэгүй хийлгэнэ” гэж одоогоос сарын өмнө зарласан юм.
Цар тахлын эсрэг дархлаажуулалтыг түргэсгэх үүднээс Энэтхэгийн Засгийн газар вакциныг мужуудад нийлүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулсны үр дүнд нэг өдрийн дотор 8 сая гаруй тун вакциныг тарьж чадсан үйл явдал болжээ. Эл явдалд тун баяртай байгаагаа Ерөнхий сайд Моди твиттер хуудсаараа илэрхийлж, вакцин бол цар тахлын эсрэг хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг онцолсон байна.
Гэхдээ АНУ, БНХАУ-тай харьцуулахад Энэтхэгт дархлаажуулалт удаан явагдаж байгаа юм. Зарим муж дахь вакцины хомсдол үүнд нөлөө үзүүлж байгаа талаар олон улсын зарим хэвлэл дамжуулсан байна.
Тус улс вакцин тариулах боломжтой нийт иргэдийнхээ 5 гаруй хувийг дархлаажуулаад байгаа юм.
Сонирхуулахад, Энэтхэгийн эрх баригчид энэ жилийн эцэс гэхэд бүх насанд хүрэгчдийг вакцинжуултад хамруулсан байх зорилтыг тавиад байгаа. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд өдөрт 10 сая тун вакциныг иргэддээ тарих ёстой аж. Өнөөгийн байдлаар Энэтхэгийн Засгийн газар 2021 оны эцэс гэхэд бүх насанд хүрэгчдийг вакцинд хамруулах зорилгодоо хүрч чадахааргүй дүр зураг ажиглагдаж байна.