Энэтхэгийн хамгийн их хөрөнгөтэй, халдвар авсан эсэх нь тодорхойгүй толгой баячуудыг тээвэрлэсэн хувийн найман онгоц өнгөрсөн шөнө Лондонд газарджээ.
Өдгөө Энэтхэг улс Нэгдсэн Вант улсын цар тахалд хамгийн хүнд өртсөн орнуудын улаан жагсаалтад багтсан тул энэтхэгчүүдэд Их Британийн хил хаалттай юм. Мөн Энэтхэгээс эх орондоо ирсэн британичууд засгийн газрын зааж өгсөн зочид буудлуудад дор хаяж 10 хоног тусгаарлагдаж байгаа билээ. Харин Нэгдсэн Вант улсын иргэншилгүй, сүүлийн 10 хоногт Энэтхэгт байсан аль ч орны хүмүүс тус улсад нэвтрэх хориотой аж. Гэвч Ерөнхий сайд Борис Жонсон өөрийнхөө мэдэгдлийг зөрчин дараа долоо хоногт зайлшгүй шаардлагаар Энэтхэгт айлчлахаар төлөвлөсөн юм.
Толгой баячуудыг авахаар Дубай хотоос хөөрсөн vistajet Bombardier Global 6000 тансаг зэрэглэлийн сүүлийн онгоц Мумбай хотод хязгаарлалт эхлэхээс ердөө 44 минутын өмнө амжиж буусан байна.
Ийнхүү баячууд эх орноосоо зуртаж байгаагийн учир нь сүүлийн өдрүүдэд Энэтхэгт цар тахлын хоёр дахь үе эхлэн халдвар эрс нэмэгдэж, нас барагсдын тоо ч хурдтай нэмэгдсээр байна. Тухайлбал, нэг хоногийн дотор нийт 332730 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2263 хүн нас баржээ.
Улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь нас барцгааж, тэр байтугай чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорч, зарим тохиолдолд машины зогсоол дээр чандарлах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Халдварын тоо эрс нэмэгдэж байхад хөл хорио тогтоосонгүй хэмээн олон хүн Ерөнхий Сайд Нарендра Модиг шүүмжилж байгаа ч эрх баригчдын зүгээс өмнөх удаагийн хөл хорио амжилтгүй болсноос болж дахин хөл хорих бодолгүй байгаа бололтой.