-ТОВЧХОН-
Энэтхэгийн Харидвар хотноо Кумб Мела шашны баяр болж, гурван сая сүсэгтэн Ганга мөрөнд оржээ. Ганга мөрний усыг ариун гэж итгэдэг агаад гэм нүглээ цайруулах үүднээс ийн усанд ордог заншилтай. Баярт оролцсон иргэдийн дийлэнх нь коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй байж. Тэд халдвар хамгааллын дэглэмийг зөрчин, бөөнөөрөө усанд орсон байна. Үүний улмаас хэдэн зуун сүсэгтэн ковидоор халдварлажээ.
l l l
Европын холбоо ирэх таван жилийн хугацаанд гишүүн орнуудын эдийн засгийг сэргээх зорилгоор нэг их наяд ам.доллар орчим бонд гаргахаар төлөвлөж байна. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн мэдэгдсэнээр эхний бондыг долдугаар сарын эхээр арилжаална. Тухайлбал, 957 тэрбум ам.долларын бондын гуравны нэг нь “Ногоон бонд байх гэнэ. Бондыг тогтмол арилжаалах агаад хугацаа нь 3-30 жил байхаар тооцоолжээ.
l l l
Умард Солонгост пүрэв гаригт Нарны өдөр болж байна. Энэ өдөр нь БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, удирдагч Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ойтой давхцаж буй юм. Баярыг өргөн тэмдэглэх зорилгоор бэлтгэл ажлыг хэдэн өдрийн өмнөөс хангаж эхэлсэн байна. Умард Солонгост Нарны баяр болж буй мэдээллийг өмнөд хөрш нь баталжээ. Ойн баяраар нийслэл Пхеньян төдийгүй тус улсын өнцөг булан бүрт олон тооны концерт тоглож, спортын арга хэмжээнүүдээс гадна БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений амьдрал болон олон амжилтыг харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн баярын өдөр олон үйлдвэрт ёслолын арга хэмжээг зохион байгуулсан талаар Нодон Синмун сонинд мэдээлсэн байна.
l l l
ОХУ-д хүний цусан дахь коронавирусийн эсрэг биетийг тоолох тестийг бүтээжээ. Энэ нь халдвар авсан болон халдвар тээгчтэй харьцсан тохиолдлыг илрүүлэх зорилготой аж. Уг сорилд зөвхөн өвчилсөн гэлтгүй эрүүл хүмүүс ч хамрагдах боломжтой юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дээрх тест бүхий тогтолцооны мэдрэх чадвар нь өндөр тул цусны ийлдсэнд агуулагдах эсрэг биетийн хэмжээ бага байсан ч тоолох боломжтой. Иммуноглобулин IgG эсрэг биетийг нарийвчлан тоолж буй нь эмнэл зүйн туршилтаар мөн тогтоогджээ.
l l l
Хятадын “Huawei” компани нь “Нuawei Inside” нэртэй салбар брэнд үүсгэжээ. Тус салбар нь автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. “Huawei” компани нь “HI” загварын автомат жолоодлоготой автомашин бүтээхээр зорьж байна. Энэ нь “Tesla” брэндтэй харьцуулахад загварын хувьд илүү байх аж. Мөн 1000 км замыг автомат жолоодлогын горимоор туулах хүчин чадалтай байх гэнэ. Шинэ загварыг бүтээхдээ “Huawei” компани өөр гурван компанитай хамтрахаар тохиролцсон юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР