Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаасаа Монголд хандивлана

Энэтхэгийн Засгийн газар хөрш зэргэлдээх улс орнууддаа сайн санааны үүднээс өөрсдийн дотооддоо бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцинаасаа хандивлахаар болсон талаар Даваа гариг (2021.01.18)-т мэдэгджээ. Тус улс нь энэ сарын эхээр covid-19-ийн эсрэг “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх журмыг батлан, энэ сарын 16-наас хүн амаа вакцинжуулж эхлээд байгаа юм.

Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврики зэрэг улсуудад 3.9 сая ам.долларын “Covaxin” вакцин, Бутан, Бангладеш, Афганистан болон Сейшелийн арлууд руу “Covishield” вакциныг тус тус даруй илгээхээр төлөвлөжээ.

“Covishield” нь “Оксфорд-AstraZeneca”-ийн вакцин бөгөөд Энэтхэгийн Пуна хотод байрладаг “Ийлдэс судлалын хүрээлэн”-д үйлдвэрлэж байгаа юм. Харин “Covaxin” нь тус улсын “Bharat Biotech” биотехнологийн компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран боловсруулсан вакцин юм байна. Тус вакцин нь клиникийн эхний хоёр шатны туршилтаа амжилттай давсан ч сүүлийн шат буюу эмнэлзүйн шатны туршилт нь хараахан дуусаагүй байгаа юм.

Эх сурвалж: CNB

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *