Энэтхэг улсад коронавируст цар тахал эрчимжсээр байна. Улс орнууд тус улсад үүссэн нөхцөл байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, АНУ, ХБНГУ-ын зүгээс Энэтхэг рүү хүчилтөрөгч, хүчилтөрөгчийн аппарат, шаардлагатй эм тариа зэргийг шуурхай журмаар илгээх шийдвэр гаргаад байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний Аюулгүйн зөвлөлөөс халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, оношлуур, эм, амьсгалын аппарат зэргийг тусламж болгон илгээхээр бэлтгэж байгаагаа онцлов. Их Британийн eрөнхий сайд Б.Жонсон эхний ээлжинд 495 хүчилтөрөгч баяжуулагч тоног төхөөрөмж болон 120 хиймэл амьсгалын аппарат хүлээлгэж өгөхөөр урьд нь мэдэгдсэн. Мөн францын эрх баригчид Энэтхэг рүү хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж илгээхийг үүрэг болгосон тухай Елисейн ордны мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн ням гаригт Энэтхэг даяар коронавирусын халдварын 349 мянга 691 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь дэлхий дахинд хоногт бүртгэгдсэн тохиолдол хамгийн дээд үзүүлэлт болоод байна. Халдвар дөрвөн өдөр дараалан өсч, хоёр мянга гаруй хүн нас баржээ. Энэтхэгийн eрөнхий сайд Н.Mоди өнгөрсөн бямба гаригт мэдэгдэхдээ “Засгийн газар вакцин, эмийн бүтээгдэхүүн, хүчилтөрөгч болон бусад дагалдах хэрэгслийг олноор нь оруулж ирэхийн тулд эдгээрт ногдуулдаг гаалийн татварыг гурван сарын хугацаатай цуцалсан” гэв.
“BBC” агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Засгийн газар халдварт өвчинд илүү нэрвэгдсэн бүс нутгуудад хүргэлт хийхийн тулд агаарын цэргийн хүчнийхнийг тараан байршуулжээ. Мөн Дели хотын сайд Арвиндт Кежривал хөл хорионы дэглэмийг дахин долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Учир нь тус хотод дөрвөн минут тутамд нэг хүн коронавирусийн халдварын улмаас нас барж байгааг анхааруулжээ. Вирус судлаачдын мэдээлснээр Энэтхэгт халдварлах чадвар өндөртэй коронавирусийн шинэ хувилбарууд тархсантай холбоотойгоор тохиолдлын тоо хагас саяд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Мөн эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь нас барцгааж буй талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ. Mөн чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорсон талаар мэдээлсэн байна. Энэтхэгийн Засгийн газар эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станцыг богино хугацаанд ашиглалтад оруулахыг тус улсын eрөнхий сайд Н.Моди үүрэгджээ.
Үүнтэй зэрэгцэн тус улсын хамгийн их хөрөнгөтэй, халдвар авсан эсэх нь тодорхойгүй толгой баячуудыг тээвэрлэсэн хувийн найман онгоц лондонд газардсан тухай мэдээлж байв. Тэднийг авахаар Дубай хотоос хөөрсөн vistajet Bombardier Global 6000 тансаг зэрэглэлийн сүүлийн онгоц Мумбай хотод хязгаарлалт эхлэхээс ердөө 44 минутын өмнө амжиж буусан талаар онцолжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР