Categories
мэдээ цаг-үе

Энэ цагийн Гамлет

Монгол хоёр Гамлеттай. Нэг нь Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны амилуулсан дотроосоо тэсэрсэн ухаалаг, хээнцэр Гамлет. Нөгөө нь Драмын театрын С.Болд-Эрдэнийн бүтээсэн бодлогошронгуй хэрнээ ритмлэг Гамлет. “Гамлет”-ыг тавьж байж сонгодгоо баталдаг жишиг дэлхийн театруудад бий. Энэ цагийн Гамлетыг Дэлхийн театрын өдрөөр “Өдрийн зочин”-доо онцолж буй нь цаанаа ийм учиртай. С.Болд-Эрдэнээс өөр хэн ч Гамлетыг гаргаж чадахгүй гэж театрынхан, театрт дурлагчид ярьцгаадаг. Жүжигчнийхээ хувьд дотооддоо шаналдаг, дотроо багтардаг, дотроосоо гарч ирдэг учраас амилуулж чадах дүр нь маргаангүй Гамлет гэдгийг шүүмжлэгчид ч хүлээн зөвшөөрдөг. Түүнд “Ромео Жульетта”-гийн Меркуцио шиг гал ассан халуун дүрээс илүү Гамлет шиг дотроосоо бясалгаж гаргаж ирдэг онцлогтой дүр илүү зохидог. Тав, магадгүй түүнээс олон жилийн дараа Данийн хунтайжийн дүрийг илүү хүчтэйгээр гаргаж ирэх болов уу, дэлхийн театрын түүхэнд тод мөр үлдээсэн өөр хоорондоо ялгаатай Гамлетуудын нэгийг нь бардам бүтээж чадах байх гэсэн хүлээлт зөвхөн С.Болд-Эрдэнэд хаяглагддаг юм билээ.

Урлаг судлаач нэг танил маань “Гамлет” тавигдсаны дараахан “Болд-Эрдэнэ хурцлагдаад ирвэл Высоцкий шиг болно. Высоцкий дотроосоо бахирдаг, чарлаж чаддаг жүжигчин. С.Болд-Эрдэнийг хэзээ тэгж, тийм хүчтэйгээр чарлахыг мэдэхгүй. Ямар ч байсан дотроосоо асдаг, гэрэлтдэг чанар түүнд бий. Высоцкийн хувьд гаднаа биш дотоодод нь амь яваад байдаг. С.Болд-Эрдэнэ яг тийм жүжигчин. С.Болд-Эрдэнийн Гамлетаас тэсэрсэн шаналал мэдрээгүй ч хэд хэдэн монологи нь сэтгэлд хүрсэн. Гамлетыг сөхрөөд уначихгүй гаргана гэдэг том гавьяа. Дотоод цараа, мэдлэг, тэнхээ шаарддаг дүр л дээ. Тийм хэмжээний тэнхээтэй жүжигчин гэвэл түүнээс өөр байхгүй. Гамлетыг С.Болд-Эрдэнэ шиг чирээд аваад гарах тэнхээтэй жүжигчин алга. Монголын хамгийн сайн жүжигчин болох идей түүнд бий. Нэгэн үеийн гол жүжигчин яах аргагүй мөн л дөө. Тэр ид үедээ яваа учраас сайн муу аль ч шүүмж тэгтлээ туйлын гэж хүлээж авахаар дүгнэлт биш” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.

С.Болд-Эрдэнэ “Гамлет”-ынхаа тухай “Ер нь бол чадах чинээгээрээ гаргасан. Маш олон Гамлетыг судалж байж өөрийн гэсэн Гамлетаа бүтээсэн. Их агуу бүтээл юм даа. Одоо эргээд харж байхад дутуу хийсэн, энийг нь ингэчихдэг байж дээ гэмээр зүйл гарч ирээд л байдаг юм. Дундаршгүй их цар хүрээтэй, сонгодог зохиол болохоор тэгдэг байх. Дүрийн хувьд Гамлет бол сэтгэлийн асар их зөрчилдөөнтэй хүн. Ёс суртахууны асар өндөр хэм хэмжүүрт баригдчихсан өшөө авагч гэж ч тодорхойлсон байдаг. Өшөөгөө авах гэхээр асар өндөр ёс суртахууны хэм хэмжээ нь бариад болдоггүй. Яг энэ талыг нь илүү түлхүү барьж дүр дээрээ ажилласан” гэж ярьсан удаатай.

Тэр “Танихгүй эмэгтэйн захидал” киноны найруулагч. Бас гол дүрийг нь бүтээсэн жүжигчин. Гол дүрийн бүсгүйн он удаан жил чимээгүй хайрласан хөгжмийн зохиолчийн дүрээс нь С.Болд-Эрдэнийн дотоод чадал мэдрэгддэг. Адал явдал гэхээр зүйлгүй, хурц өрнөлгүй, нэгэн хэвийн үйл явдал хөвөрсөн кинонд үзэгчдийг уйдаахгүйгээр дүр бүтээнэ гэдэг дотортой жүжигчний л барах ажил. Сэтгэхүйн драм чигийн гэж кино судлаачдад үнэлэгдсэн “Хөлтрөг” гэхэд л түүний найруулсан кино. С.Болд-Эрдэнийн дүр бүтээсэн киног нэрлэвэл “Ноён солиот”, “Орхидос”, “Амьдрах тасалбар”, “Нар сарны зааг” гээд цөөнгүй бүтээлийг жагсаах хэрэг гарна. Дүр амилуулсан сонгодгууд гэхээр “Парисын дарь эхийн сүм”, “Дон Кихот”, ”Ромео Жульетта” мэдээж Гамлет.

Тэр театраасаа явахгүй гэж ярьдаг цөөхөн жүжигчний нэг. Жүжигчин хүний ур чадварыг тултал нь сорьдог газар театрын тайз гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг учраас тэр байх…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *