Шинэ тулгар хөгжиж байгаа триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 28-30-нд товлогджээ.
Шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах улсын аваргууд энэ удаа Архангай аймгийн Өгийнуурт өрсөлдөх юм байна. Тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж явуулах аж. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулна. Тамирчид эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд, сонирхогчид гэсэн ангилалд өрсөлдөнө гэсэн үг.
Хөвгүүдийн ангилалд 2000-2002 онд төрсөн оролцогчид хамрагдах бол сонирхогчдыг 18-24 нас, 25-34 нас, 35-44 нас, 45-аас дээш насны ангилалд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр явуулах юм.
Улсын аваргад гадаадын тамирчин оролцож болох ба тэдний оролцох мэдүүлгийг долдугаар сарын 20-ны дотор Монголын триатлоны холбоонд ирүүлэх ёстой юм байна.
Тэмцээний зай:
Эрэгтэй, эмэгтэй элит – 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
Хөвгүүд, сонирхогчид – 300 м сэлэх, 5 км дугуйгаар, 2 км гүйх
Багийн буухиа
Баг бүр 2 эрэгтэй, 1 эмэгтэй гишүүнтэй байна. Багийн гишүүн бүр 250 метр сэлж, 5 км дугуйгаар уралдаж, 2 км гүйгээд дараагийн гишүүнд буухиаг шилжүүлнэ. Гуравдахь гишүүн бариа хийнэ.