Categories
мэдээ цаг-үе

Энэ оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

МОНГОЛЫН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН МЭНДЛЭВ

Монголчууд өнгөрч буй онд гурван сая иргэнтэй болсноо албан ёсоор баталгаажуулж зарласан билээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний найман цаг 27 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр бүртгэн авсан юм. Энэ оны эхний сарын 5-ны байдлаар 2 995 949 иргэнтэй байсан Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулахдаа 1000-ны нарийвчлалтайгаар тооцож, нарийн судалгаагаар гаргасан гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Энэ өдөр Монгол Улсад 181 иргэн шинээр мэндэлж, гурван сая дахь иргэний үе чацуутан болсны гурав нь хилийн чинадад төрсөн юм. Эгэл жирийн хөдөөний гэр бүлд аав, ээжийнхээ анхны хүүхэд болж мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин хэмээх нэр хайрлаж байв. Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр буюу эсвэл түүнтэй тэнцэх урамшуулал, тэтгэмж өгөх болсон. Мөн түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн хүүхдүүдээс аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрт нь тодруулж нийт 29 хүүхдийг тусгай тэтгэмж урамшууллаар мялаасан. Гурван сая дахь иргэн Х.Монголжин охин маань удахгүй ой хүрэх гээд, тэнтэр тунтар алхалсаар аав, ээжийгээ баярлуулж, эсэн мэнд бойжиж буй. Ээж Г.Аззаяагийн нь эмээгийн ээж Мөнхчулуун хэмээх 90 гарсан буурай дөрөв дэх үеэ үзсэн нь ийнхүү Монгол Улсын гурван сая дахь иргэн болж бүртгэгдсэн билээ.

Э.ЭНЭРЭЛ

ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖЛЭВ

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн 20 байгууллага ганц хувийн компанид өгсөн нь Монголд төдийгүй цэнхэр гаригт анхных болов. “Оюу толгой” 4.4 тэрбум ам.долларын зээлээ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна. Ингэснээр ирэх оноос жил бүр тэрбум ам.доллар Монголд зарцуулагдах боломж нээгдэж байгаа юм. Зэсийн үнэ эргэж сэргэх 2019 онд гүний уурхай ашиглалтад орно, тэр цагаас Монгол Улс шаргал металлын зах зээл дээр голлох тоглогчдын нэг болно гэсэн өөдрөг таамаг тооцоо байна. Хятад руу эрчим хүч экспортлох Шивээ Овоогийн 9420 МВт-ын аварга станцын ажил цаасан дээр эхэлсэн нь ч онцлох үйл явдал байлаа. Засгийн газар тогтоол гаргаж, Хятадын тал хөрөнгө оруулахаа илэрхийлж, жил бүр станцад нийлүүлэх 34 сая тонн нүүрсийг хаанаас хэрхэн нийлүүлэх гарц яригдаж эхлээд байна. Нийслэлийн зүүн хэсгийн дулаан хангамж тасалдахдаа хүрч шинээр баригдсан барилгууд бага оврын уурын зуух ажиллуулж байсан бол өнгөрсөн намраас Амгалангийн дулааны станц ашиглалтад орж эдгээр асуудлыг шийдэв. “Монполимет” групп улсын цементийн хэрэгцээний 50 хувийг дангаараа нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан нь онцлох бүтээн байгуулалтын нэг байлаа.

ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ӨДРҮҮД

2015 оны турш эдийн засаг сайнгүй хэвээр үргэлжлэв. Цагтаа 17 хувь давж цойлж байсан эдийн засгийн өсөлт энэ жил гурав хүрэхгүй хувиар хэмжигдэж, ам.долларын ханш 2000 давж чангарав. Ногоон валютын ханшийн чангаралд гадаадын шууд хөрөнгө оруулалтын татралт, гадагшаа экспортолдог нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийн уналт гол нөлөө үзүүлсэн юм. 2011 онд дээд цэгтээ буюу 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт энэ жилийн хувьд 50 хүрэхгүй сая ам.доллараар хэмжигдэж байна. Оргил үедээ 7500 ам.доллар хүрч байсан зэсийн үнэ 4100 ам.доллар руу уруудав. Махны үнэ өнгөрсөн жилийнхээс хямдарсан нь эдийн засагт гялтайх ганц зүйл байв.

Ц.БААСАНСҮРЭН

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛИУДЫГ “ӨЛГИЙДСӨН” ЖИЛ

2015 оныг хууль эрхзүйн орчноо шинэчилсэн жил гэж тодорхойлоод буй. Хүлээлт үүсгэсэн, олон жил яригдсан чухал хуулиуд батлагдлаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдахаасаа өмнө, батлагдсаныхаа дараа ч олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан дэгдээж байсан ч олон мянган хүн өршөөгдөөд байна. Дахин дахин хойшлогдож ирсэн Эрүүгийн хууль энэ жил батлагдаж, Зөрчлийн хуультай хамт ирэх оны есдүгээр сараас хэрэгжихээр болов. Энэ удаагийн Эрүүгийн хуулийг өмнөх шоронжсон хуультай харьцуулахад энэрэнгүй шинжтэй болсон гэж хуульчид онцолж байгаа юм.

Мөн Улаанбаатар хот анх удаа Нийслэл хотын албан татварын тухай хуультай болов. Энэ хууль хэрэгжсэнээр нийслэл жилд 40 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадна гэж үзэж байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өмнөх хуульд байгаагүй нарийн зөрчлүүдийг ил гаргаж, хувь хүний хариуцлагыг ухамсарлуулах чиг хандлага руу илүүтэй дөхсөн хууль болсон гэж олон нийт дүгнэж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд, дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч одоогоор 6.1 их наяд төгрөгийн орлогыг ил болгоод буйг Ерөнхий сайд саяхан УИХ-ын чуулган дээр онцолсон билээ. Мөн 2015 нэгдүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш яам, агентлагуудын дарга нарын тансаглал нэлээд хувиар багасч, тэр хэмжээгээр төсвийн мөнгө хэмнэгдсэн гэж үздэг.

Д.ГАНСАРУУЛ

МОНГОЛД АНХ УДАА ГАЗАР 23 ТЭРБУМ 850 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЛАА

Газар, тэр дундаа хотын төвийн газар үнэд хүрдгийг энэ жил бодитоор харуулсан үйл явдал боллоо. Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн 2698 метр квадрат газрыг дуудлага худалдаагаар зарж, Монгол Улсын иргэн, араб үндэстэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Гэвч тэрбээр дуудлага худалдааны дараа мэдэгдэл хийж, 715 сая төгрөгийн дэнчингээ үлдээгээд наймаагаа буцсан. Түүний дараагийн хамгийн өндөр үнийн санал хэлсэн “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр авахаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгууллаа. “Таван богд” групп худалдаж авсан газартаа Хэвлэх үйлдвэрийн барилгын загварыг хадгалсан хоёр давхар, 100 метр урт барилга барих гэнэ. 1929 оных нь байдлаар сэргээн барьж, “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төв нээн ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн түүндээ Улаанбаатар хотын музей байгуулах гэнэ. “Galleria Ulaanbaatar”-т “Lexsus”-ийн үзүүлэнгийн танхим, “Говь” болон дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн дэлгүүр, ресторан байх аж. Харин хэвлэх үйлдвэрийн цаана байгаа газартаа орчин үеийн шийдэлтэй өндөр, хос барилга сүндэрлүүлэх юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

МОРЬТОН МОНГОЛЧУУД МОРИОР ДЭЛХИЙН АВАРГА АВАВ

Монгол хүн мориор түүхэнд анх удаа дэлхийд түрүүлэн дэлхийн аварга болж, Монгол түмний аархал, бахархал омогшлыг төрүүлсэн, Америкийн Нэгдсэн улс болон дэлхий дахинд Монголыг сурталчилсан үйл явдал 2015 онд боллоо. Тодруулбал, “Макс” группийн ерөнхийлөгч Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг дэлхийн аварга болсон юм. Морийг уналга эдэлгээнд анх гаршуулсан ард түмэн, морийг яаж шинжиж таньж, сургаж, уяж, унаж эдэлж чаддагийг дэлхийд таниулж, дэлхийн морины том зах зээлд гарах боломжийг монголчуудад нээж өглөө. Дэлхийн морин уралдаан хөгжсөн аль ч улсаас Монгол Улсын адуучин залуучуудыг морь маллагчаар, морь унаачаар (Jokey), дасгалжуулагчаар ажилд урьж ажиллуулах үүд хаалгыг нээж өгөв.

Д.ОЮУНТУЯА

САЙД НАР БАРИВЧЛАГДАВ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан. Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эхнэрийхээ компанид хууль бусаар тендэр авсан гэх хэрэгт сэжиглэж шалгасан юм. Тэрбээр цагдан хорих төвд хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, амь насаа алдах дээрээ тулсан билээ. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сай д асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон. Шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр улсад учруулсан хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргасан. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр баталсан юм. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай Солонгосын “Самсунг С&Т” компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь хууль бус үйлдэл хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг саатуулсан билээ. Түүнийг бусдаас хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн юм. С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчилсан. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Б.Булганыг мөн баривчилсан. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдээд буй. С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт хоёр хүнийг сэжиглэн шалгаж байгаа билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

МАН ЗАСГААС ГАРАВ

2012 оны сонгуулийн дүнд АН олон суудал авч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран засаг барьж, МАН-ынхан ихэрхэж байгаад бүлэг байгуулж чадахгүй хэмжээнд хүрч байсан билээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг МАН-ыг өнгөрөгч оны сүүлээр Засгийн газартаа урьж оруулахад Ардын намынхан өнгөн дээрээ “Ард түмнээ бодож орж байна” хэмээн мэдэгдсэн ч цаанаа жигтэйхэн баяртай байсан тухай намынхан нь ч хэлж байсан цаг саяхан. 2015 онд МАН-аас Шадар сайдаар У.Хүрэлсүх, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол нар найман сарын хугацаанд ажилласан. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг эдгээр сайд нар ажлаа сайн хийсэн ч улс төрийн нөхцөл байдлаас болон чөлөөлөгдөж байгааг тухайн үед хэлж байв.

Харин МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Анхнаасаа ийм засагт орох хэрэггүй байсан юм” хэмээж байсан юм. Эрх баригчдын зүгээс МАН-ыг засгаас гаргах болсон гол шалтгаанаа сайд нар нь ажлаа хийхгүй, намынхаа сурталчилгааг орон нутгаар хийж байна. Ажлын үр дүн тааруу байсан гэдгээр тайлбарлаж байлаа. Ямартай ч энэ оны улс төрийн онцлох үйл явдал яах аргагүй МАН засгаас гарсан процесс билээ. МАН Засгаас гарч байгаатай холбогдуулан дэд сайд нар мөн төрхөмдөө буцсан юм.

Э.ЭНХБОЛД

ХОЁР УДАА НААДАМДАЖ, ХОЁР АРСЛАН ТӨРҮҮЛЛЭЭ

Өнгөрөн одож буй 2015 онд урлаг, спортынхон олон сайхан амжилт гаргалаа. Өнөө жил монголчууд хоёр ч удаа наадамдаж, хоёр арслан төрүүллээ. Төрийн их баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хангарьд” спорт хорооны бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн юм. Тэрбээр үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн залуу арслангаар тодроод буй бөгөөд өдгөө 22 настай. Ид хаваа гайхуулсан залуу бөхийн шуугиан намжаагүй байтал монголчууд Даншгийн арслангаа өлгийдөн авав. 90 гаруй жилийн дараа төрсөн Даншгийн арслан бол Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Монгол Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва байлаа.

Түүнчлэн тив дэлхийд гаргаж буй их спортын амжилтын буухиа тасарсангүй. Тодруулбал, Соронзонболдын Батцэцэг чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртэж хошой аварга болсон бол Отрядын Гүндэгмаа буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний хошой алт, мөнгөн медалийн эзэн болж спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдлээ. Бодибилдингийн тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг хэмээх бүсгүй ДАШТ-ээс алтан медаль хүртсэн нь бас л тодоор бичигдэх амжилт байлаа. Мөн буудлагын тамирчин Энхтайваны Даваахүү “Универсиад” наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж, Монголын буудлагын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Монголын Урлагийн салбарынхан ч спортынхноос дутахааргүй амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож “Гран при” шагналын эзнээр тодорсон билээ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. БНХАУ-д болсон олон улсын циркийн фестивальд Монголын циркчид шидэх банзны төрөлд гайхамшигтай үзүүлбэр толилуулж, анх удаа эмэгтэй циркчин Б.Үржинбадам агаарт гурван удаа эргэлт хийж буусан нь дэлхийн циркийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Тэгвэл дотоодод болсон нэгэн томоохон урлагийн уралдааныг энд дурдахгүй байхын аргагүй. “Монгол HD” телевизээс анх удаа “Авьяаслаг монголчууд” шоуг зохион байгуулж 1000 гаруй хүн оролцож, “Эгшиглэнт чимээ” хэмээх хөгжмийн хамтлаг ялагчаар тодорсон. Энэхүү шоу нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд саяхан өндөрлөсөн шоуг тойрсон яриа өнөөдөр ч намжаагүй байна.

Д.ДАВААСҮРЭН

ГАН БОЛЖ, УРГАЦ АЛДАЖ, МАХНЫ ҮНЭ БУУРЛАА

Энэ зун ерөнхийдөө гандуу байлаа. Нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай байв. Тэр дундаа газар тариалангийн бүс нутгууд, төвийн болон зүүн бүсийн аймгууд, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод аймгуудад долдугаар сарын сүүл хүртэл хур бороо ороогүйн улмаас өвс хатаж, ургац хураалтад нөлөөлсөн билээ. Улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийж, эндээс урьдчилсан байдлаар 400 мянган тонн буудай, 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хураахаар тооцоо гаргасан байдаг. Гэвч ургац хураалтын эцсийн байдлаар нийт ургацынхаа 60 хувийг алдсан үзүүлэлт гарсан юм. Мөн мичин жилийн зудны сургаар малчид болон махны худалдаа эрхлэгчид махаа өнгөрсөн зургаан жилд тохиогоогүй хямдаар худалдаалсан. Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэнээр 7-11 дүгээр сард мах хамгийн ихээр хямдарчээ. Нэг килограмм хонины мах “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг захуудад 3000, бөөний үнэ нь 2600-2900 хүрч хямдарсан байсан бол үхрийн мах хамгийн багадаа 3900 төгрөг хүртэл хямдарсан билээ.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

ДЭЛХИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

Б.НЕМЦОВЫГ ХӨНӨӨЖ, М.ХОДОРКОВСКИЙГ БУРУУТГАВ

Оросын сөрөг хүчнийг 20 жил удирдсан, “Солидарность” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг, 55 настай Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Москва хотын төвд Кремлиэс холгүй газарт буудуулж амиа алдсан билээ. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар сөрөг хүчний тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байсан нь үхлийн шалтгаан нь болсон. Харин ВВС агентлаг уг аллагыг Б.Немцовын улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой эсвэл өмнөх бизнестэй нь холбоотойгоор түүнд өстэй этгээдүүдийн үйлдэл гэсэн таамаг дэвшүүлж байв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ хэргийг захиалгат бөгөөд өдөөн хатган турхирсан аллага боллоо” гэж мэдэгдсэн удаатай.

Өдгөө хилийн чанадад орогноод буй Оросын газрын тосны магнат Михаил Ходорковскийг дахин байцаахаар болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Энэ удаад түүнийг Нефтьюганск хотын дарга В.Петуховын аллагад сэжиглэж байна. Учир нь талийгаачийн гэргий нөхрийг нь түүний захиалгаар хөнөөсөн гэж нэг бус удаа урьд нь мэдэгдэж байжээ. В.Петухов нь 1998 онд ажилдаа явж байхдаа буудуулж амиа алдсан юм. Газрын тосны “ЮКОС” компанийн үйлдвэрлэлийн томоохон нэгж тус хотод байрладаг аж. Харин Нефтьюганск хотын захирагч В.Петухов тухайн үед М.Ходорковскийг байгаль орчинд хөнөөл учруулж байна хэмээн буруутгадаг байсан аж. “Ходорковскийн сэжиглэгдэж байсан хүн амины хэрэгт шинэ нотлох баримт гарч ирсэн тул холбооны мөрдөгчид түүнийг дахин байцаахаар болсон” хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч В.Маркин саяхан хэвлэлийнхэнд мэдэгдээд байна. М.Ходорковскийг 2003 онд татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. 2013 онд тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өршөөлөөр суллагдаж, гэр бүлийнхээ хамтаар ХБНГУ-ыг зорьсон юм. Харин өчигдөр Оросын тал түүнд эчнээгээр хорих ял оноож, интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

ОНГОЦНЫ ОСЛУУД

Өнгөрсөн гуравдугаар сард Германы агаарын тээврийн Germanwings компанийн Airbus A320 онгоц Испанийн Барселона хотоос Германы Дюсселдорфыг чиглэн нисэх замдаа Францын Альпийн нуруунд осолдсон билээ. Үүний улмаас дотор нь явсан 150 хүн бүгд амиа алдсан юм. Ослын гол буруутан нь тус онгоцны хоёрдугаар нисгэгч байсан Андрес Любици юм. Онгоцны хар хайрцгийн бичлэгийг тайлах үеэр тэрээр онгоцны ахмадыг ариун цэврийн өрөө явсны дараа нисгэгчийн бүхээгийг түгжин онгоцыг автоматаар доошлуулах товчийг дарсан нь батлагдсан юм. ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн “Airbus 321” зорчигч тээврийн нисэх онгоц Египетээс Санкт-Петербургийг чиглэж яваад Синайн хойгт сүйрсэн билээ. Тус онгоцонд байсан 224 хүн бүгд амиа алдсан юм. Ослын шалтгааныг техникийн саатлаас хэмээн үзэж байгаа ч бас бүрэн батлагдаагүй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус ослыг асар их эмгэнэл гэж онцолсон билээ.

ОУХХ-Г ТОЙРСОН ХАХУУЛИЙН ХЭРЭГ

ОУХХ-ны ерөнхийлөгч Зепп Блаттер болон бусад хариуцлагатай ажилтнууд хахуулийн хэрэгт холбогдсон нь энэ жил дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хамгийн их хөрөнгө эргэлддэг, хамгийн олон дэмжигчтэй тус холбоог З.Блаттер 1998 оноос хойш тэргүүлж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард албан ажлаа өгсөн боловч тавдугаар сард ОУХХ-ны ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа улиран сонгогдсон. Тус холбооны гишүүдийн хээл хахуультай холбоотой асуудал нэлээд шуугиан тарьж Европын парламент хүртэл З.Блаттерт хандан огцрохыг уриалсан билээ. Энэ хэрэгт холбоотой гэгдэж тус байгууллагад удирдах алба хашиж байсан нэлээд хэдэн хүнийг баривчилсан. ДАШТ болон бусад өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах орныг сонгохдоо хахууль авсан хэмээн буруутгагдаж байгааг өөр өөрийнхөөрөө олон нийт хүлээн авч байна. З.Блаттер өнөөдрийг хүртэл энэ бүхнийг үгүйсгэсээр байгаа. Хамгийн сонирхолтой нь ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан ОХУ түүнийг хамгийн их өмгөөлсөн. З.Блаттерийг Швейцариас гарч явахыг нь хориглосон. Харин саяхан ОУХХ-ны Ёс зүйн хорооноос З.Блаттер болон Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Платини нарын уг салбарт ажиллах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргасан юм.

ДҮРВЭГСДЭД ДАРАГДСАН ЕВРОП

Улс оронд нь улс төрийн хямрал үүсч, дайн гарсан тул Сири, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас Европыг зорьсон дүрвэгсдийн тоо энэ жил эрс нэмэгдсэн. Энэ нь Европын Холбооны гишүүн орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Туркийн эрэгт осолдсон онгоцонд сууж явсан гурван настай сири хүүгийн эндсэн зураг олон нийтэд ил болсны дараа дэлхий тэр чигээрээ шуугисан. Асуудал нэлээд хүндэрсэн тул өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр тус холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвлөлдөхөөр уулзсан юм. Энэ үеэр 55 мянган дүрвэгчийг хүлээн авахаар тохиролцсон. Хамгийн сүүлийн судалгаагаар Сири болон Ойрхи Дорнодын бусад орнуудаас Европт 1,2 сая дүрвэгч очжээ. Тэд Турк, Грекээр дамжин Европт хүрсэн. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж сүүлдээ Хорват, Серби зэрэг орнуудаар дамжин очих болсон. Дэлхийн II дайнаас хойш Европт ийм олон дүрвэгсэд ирж байгаагүй гэдэг. Үүний шалтгаан нь Сири, Афганистан, Ливид болж буй дайн, “Лалын улс” бүлгийн эсрэг цэрэг дайны ажиллагаа, Серби, Косовогийн байдал, Украины хямрал, Нигер, Йемен, Пакистанд гарч буй шашны мөргөлдөөн. Европын Холбооны гишүүн аль орон хэдэн дүрвэгчийг хүлээн авах асуудал дээр санал нэлээд зөрөлдөөнтэй байгаа. Энэ нь тус байгууллагыг хямралд оруулж задрахад хүргэж магадгүй хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Ямар ч байсан одоогоор тус холбоо нь дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдэх гарцыг олоогүй. Харин дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа.

ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙН ДУУССАНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨНӨӨР ТЭМДЭГЛЭВ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг хүн төрөлхтөн өргөнөөр тэмдэглэсэн билээ. Европ, АНУ-д Ялалтын баярыг тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг аж. Энэ өдөр фашистын Герман үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурсан гэдэг. Тухайн үед цагийн зөрүүнээс үүдээд оросууд уг баярыг дараа өдөр нь буюу тавдугаар сарын 9-нд тэмдэглэх болсон. ОХУ-д энэ жилийн цэргийн парадад 1945 оноос хойш хамгийн олон буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч оролцсон юм. Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэргийг оролцуулжээ. Ялалтын баярын жагсаалд гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчин хөл тавьсны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 75 цэрэг дайчин багтсан. Манай урд хөршид өнгөрсөн есдүгээр сарын 3-нд бидний хэлдгээр Хятадыг чөлөөлөх дайны баяр буюу албан ёсоор “Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны болон фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ой” хэмээх нэр дор ялалтын баяраа сүр дуулиантай тэмдэглэв. Хятад улс анх удаагаа цэргийн парадын томоохон ёслол явуулж, дэлхийн ард түмэнтэй хамтран түүхэн цаг үеэ тэмдэглэсэн нь онцлог байв. Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд Ялалтын парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцож, дэлхийн 17 орны цэргүүд талбайгаар алхжээ. Хятад улс цэргийн парадыг аравдугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ байгуулагдсаны тэгш ой тохиосон жилд, өөрөөр хэлбэл, 10 жил тутамд Тянь Ань Мэний талбайд зохион байгуулж байх тухай шийдвэрийг 1960 онд гаргаж байсан. Хамгийн сүүлд 2009 онд Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн баярын үеэр цэргийн сүрт жагсаалыг зохион байгуулж байжээ.

Б.ОБАМА, Р.КАСТРОТОЙ УУЛЗАВ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Кубын удирдагч Р.Кастротой Панамад уулзсан юм. 1960 онд АНУ Кубын эсрэг худалдааны хориг тавьж, 1961 онд хоёр улс дипломат харилцаагаа тасалснаас хойш анх удаагаа төрийн тэргүүнүүд ийнхүү уулзсан нь энэ оны онцлох үйл явдал гэгдэж байна. Тэд Панамад болсон Америк тивийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулжээ. АНУ нь хагас зуун жилийн турш Кубын талаар явуулсан бодлогодоо өөрчлөлт оруулж Ерөнхийлөгч Б.Обама “Шинэ үеийг эхлүүлэх цаг нь болсон” гэж мэдэгдсэн. Кубын удирдагч Р.Кастро тивийн дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаагаа Ерөнхийлөгч Б.Обамаг дэмжсэн үг хэлсэн нь анхаарал татаж байлаа.

Өнгөрсөн зун тус хоёр улс Вашингтон болон Гаваннад Элчин сайдын яамдуудынхаа нээлтийг хийсэн юм. Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Гаваннад түүхэн айлчлал хийсэн билээ. Харин саяхнаас тус хоёр улсын хооронд онгоц нисэхээр болжээ.

ОРОС, ТУРКИЙН ХАРИЛЦААНД СЭВ СУУВ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн Латакиа мужид Оросын сөнөөгч онгоц “Су-24”-ийг Туркийн цэргийн агаарын хүчин сөнөөсөн. Үүний улмаас Орос, Туркийн харилцаанд сэв суув. Агаарын хилийг нь зөрчсөн гэж Туркийн тал Оросыг буруутгасан бол ОХУ-ын Ерөнхийлөгч “Энэ хэрэг терроризмын эсрэг тэмцлийн хүрээнээс халилаа. Террористуудын хамсаатнууд бидний ар нуруу руу хутгаллаа” хэмээн онцолж, эсрэг тавих хоригоо чангатгасан. В.Путин “Туркийн тал Лалын улс бүлэглэлийнхнээс газрын тос худалдан авдаг нь тэднийг санхүүжүүлдгийн баталгаа юм” гэж албан ёсоор мэдэгдсэн удаатай.

Дашрамд дурдахад, Оросын байлдааны онгоцууд Сири дэх Лалын улс бүлэглэлийн хяналтдаа авсан гол гол цэг рүү өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр агаараас цохилт хийх болсон билээ.

ПАРИСЫН ХАЛДЛАГА

Францын нийслэл Парис хотод арваннэгдүгээр сарын 13-нд цуврал халдлага болж 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн бэртсэн юм. Үүний дараахан цахим ертөнц тэр аяараа Парисын төлөөх эмгэнэлээр дүүрч байв. Фэйсбүүк, инстаграмм, твиттер зэрэг сайтад хүмүүс тусгай аппын тусламжтайгаар нүүр хуудасны зургаа Франц улсын төрийн далбааны өнгөөр солонгоруулж, Эйфэлийн цамхгийн дүрсээр солих зэргээр эмгэнэлээ илэрхийлж байсан юм. Мөн олон улс өөрсдийн бэлгэ тэмдэг болсон барилга байгууламжийн гэрлийг Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж байв. Үүний зэрэгцээ Парис хотноо “Терроризмын эсрэг нэгдэцгээе” уриан дор мөн Чарли Хебдо сэтгүүлийн редакцид болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийг хүндэтгэх тайван жагсаал болсон билээ. Тус халдлагын үеэр 12 хүн амь үрэгдсэн юм.

ПАРИСЫН ТУНХАГЛАЛ

НҮБ-аас Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулсан билээ. Дэлхий нийтэд тулгамдаад буй уг асуудлыг хэлэлцэхээр бараг дэлхийн бүх улс орны төр засгийн тэргүүнүүд Францын нийслэлд очсон юм. “Сүүлчийн боломж” гэсэн уриан дор явагдсан бага хурлын үеэр агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийг хэрхэн багасгах талаар ярилцсан. Үүнд үйлдвэрлэл хөгжсөн , ядуу буурай хөгжилтэй орнууд ямар үүрэг хариуцлага хүлээх тал дээр улс орнуудын санал зөрөлдсөн байна. Гэсэн хэдий ч эцэст нь зөвшилцөлд хүрч тунхаг бичиг гаргасан. Түүнд зааснаар дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Мөн 2020 он гэхэд хөгжиж байгаа орнуудад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон билээ. Киотогийн протокол амжилттай гэж дүгнэгдэж үргэлжлээд Парисын тунхаглалыг гаргав. Харин одоо түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалахаа амьдрал дээр харуулах л үлдлээ.

ИРАНЫ ХОРИГИЙГ ЦУЦЛАВ

АНУ, Ираны харилцаа хурцадмал байсаар нэлээд хэдэн жил боллоо. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал нь Америк төдийгүй олон улсын байгууллагын толгойны өвчин болсоор нэлээд удсан. Харин Ерөнхийлөгч Б.Обама энэ жил Иранаас газрын тос худалдан авах хоригийг цуцлах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Уг асуудлаар Ираны эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хэлэлцээ хийж тохиролцоонд хүрчээ. Тодруулбал тус улсын газрын тос экспортлолын хоригийг цуцалсан нөхцөлд цөмийн зэвсэгтэй болох санаархлаа орхино хэмээн амлажээ. Ийнхүү 2012 оноос хойш нефть экспортлох эрхгүй байсан Иран тус салбарт үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ өмнө нь байгаагүйгээр уначихаад байгаа үед тэдний хориг зогсов. Иран олборлолтоо нэмэгдүүлэх нь ханшийг нь улам унагаахад хүргэнэ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ шийдвэр ялангуяа зарим орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх аюултай гэгдэж буй. Дашрамд дурдахад АНУ нь Ираны эсрэг 1950, 1970, 1980, 1990, 2000 онуудад хориг тавьж байсан түүхтэй юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *