Categories
мэдээ улс-төр

Энэ оны эхний хагас жилд 249 хүний амь нас хохирчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт Э.Өлзийлхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг нар оролцож, “Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ” сэдвийн хүрээнд мэдээлэл хийв.

ШЕЗ-өөс мэдээлж буйгаар энэ оны эхний хагас жилд шүүхэд нийт 2590 гэмт хэргийг хүлээн авнаас 2636 хэргийг хянан шийдвэрлэж, 2971 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсан байна. Энэ оны эхний хагас жилд улс, иргэнд 8 тэрбум 236 сая 309 мянга төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь хохирч, 1124 иргэний биед хүнд болон хөнгөвтөр гэмтэл учирсан байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33 мянга 254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21 мянга 242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь 6 хувиар өссөн байна. Үүнд худалдах-худалдан авах гэрээний маргаан, зээлийн гэрээний маргаан өссөн нь голлон нөлөөлжээ.Шүүхийн үйл ажиллагааг хөнгөвчлөх иргэдийн маргаанаа шуурхай шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зохион байгуулах болсон. Энэ оны эхний хагас жилд эвлэрүүлэн зуучлагчид 5695 маргааныг шийдвэрлэсэн байна. Үүнээс 4023 маргаан буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болсон бол 1672 маргаан буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болжээ.

Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлсэн байна. Тухайлбал сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, мөн сурталчилгааны самбар буулгасан зэрэг зөрчил иржээ. Мөн нэрсийн жагсаалттай холбоотой, тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн маргаан ихээр ирсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгуультай холбоотой 159 маргаан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Үүний 90 хувийг буюу 140 хэргийг хянан шийдвэрлэжээ. Харин үлдсэн 10 хувийг хянан шийдвэрлэж байгаа аж. Улсын дээд шүүхэд сонгуультай холбоотой 15 маргаан ирснийг хянан шийдвэрлэж байгаа юм. Эдгээр маргаан нь аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуультай холбоотой юм байна. Ирсэн маргааныг төрлөөр нь ангилбал, захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн өмнө “нэрсийн жагсаалтад бүртгэхийг даалгах, бүртгэлээс хасуулах, тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэл голчлон иржээ.

Сонгуулийн дараа “Түр үнэмлэх олгосон тогтоолыг хүчингүй болгох, тойрогт шилжиж ирсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүчингүйд тооцуулах, санал хураалтыг хүчингүй болгох” зэрэг нэхэмжлэл ирсэн байна. Тэгвэл захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл иржээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 87 маргаан ирсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *