Дэлхийн хэмжээнд “COVID-19” цар тахал, хөл хорионы улмаас хүүхдийн вакцинжуулалтын аян саатсаны дараа энэ оны эхний хоёр сард улаан бурхан өвчний тохиолдол өмнөх оныхоос 79 хувиар өссөн талаар НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард дэлхий даяар улаан бурханы 9665 тохиолол бүртгэгдсэн бол энэ оны мөн хугацаанд 17 338 тохиолдол болж өсжээ. Улаан бурхан нь маш хурдан тархдаг бөгөөд ялангуяа бага насны, нярай хүүхдүүдэд аюултай халдварт өвчин юм. Мөн “эбола”, томуу, “COVID-19”-өөс ч хурдан тархдаг.
Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Расселын үзэж буйгаар, халдварын тохиолдол эрс нэмэгдсэн нь дархлаажуулалтын аян саатаж тасалдаад байсантай зэрэгцэн цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтуудыг сулруулсны дараа хүмүүсийн хөл хөдөлгөөн ихээр нэмэгдсэнтэй холбоотой байна.
“Улаан бурхан бол аюултай төдийгүй аминд халтай өвчин. Өдгөө үүсээд байгаа нөхцөл байдал нь дэлхий нийтийн дархлаажуулалтын аян тасалдсаны илрэл юм” гэж тэрбээр ярьжээ.
Сүүлийн 12 сарын хугацаанд улаан бурханы томоохон дэгдэлт таван улсад буюу Сомали, Либери, Йемен, Афганистан, Кот д’Ивуарт гарч, 21 дэгдэлт бүртгэгджээ.
“COVID-19” цар тахал дэгдэх хугацаанд хүүхдийн давхлаажуулалтын аян дэлхий даяар хойш тавигдсан бөгөөд одоо ч хэвийн голдиролдоо бүрэн ороогүй байгаа юм.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын эхэн үеийн байдлаар 43 оронд 58 аяныг хойшлуулсан хэвээр байсан нь 212 сая хүнийг, голчлон хүүхдүүдийг хамарсан байна. Түүнчлэн тэдгээр аяны 19 нь улаан бурханых байгаа нь 73 сая хүүхдийг эрсдэл оруулж байна гэж Хүүхдийн сан, ДЭМБ мэдээлжээ.
Үүний зэрэгцээ гэдэсний хижиг, халдварт саа зэрэг халдварт өвчний дархлаажуулалтын аянууд тасалдсан байна. Өнгөрсөн сард Малавид полио вирусээр халдварласан тохиолдол сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа бүртгэгдсэн бол полио эндемик өвчин хэвээр байгаа хоёрхон орны нэг болох Пакистанд энэ сард сүүлийн жил гаруйн хугацаан дахь анхны тохиолдол илэрчээ.
Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан вакцинжуулалтын аяныг хэвийн голдиролд нь оруулах зайлшгүй шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.