Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, хүндэтгэн үзэх шалтгаантай даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж бүрэн олгосон талаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдааны үеэр холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
2020 онд 21.3 мянган хүнд 50.2 тэрбум төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 23.8 мянган хүнд 50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 160.9 мянган хүнд 26.0 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 56 мянган хүнээр илүү байгаа аж. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2020 онд 1.1 мянган хүнд 928.9 сая төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 633 хүнд 583.7 сая төгрөг зарцуулжээ.
Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 2.4 сая иргэнд 2.9 их наяд төгрөгийг зарцуулсан байна.