Categories
мэдээ нийгэм

Энэ онд 19 цэцэрлэг, 13 сургууль ашиглалтад орохоор хүлээгдэж байна DNN.mn

Энэ онд нийслэлд он дамжин хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжиж эхэлсэн сургууль цэцэрлэгийн 176 барилгад санхүүжилт олгожээ. Эдгээр барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 73 хувьтай явж байна. Хугацаандаа ашиглалтад орж амжихгүй зарим сургуулийн байр болон өргөтгөлийн ажлаас шалтгаалж нийслэлд 41 сургууль гурван ээлжээр хичээллэх шаардлага үүссэн. Гэхдээ энэ асуудалд сургуулиуд дотооддоо зохион байгуулалт хийх болон зарим сургуульд нэмэлт хичээллийн байр түрээслэх байдлаар хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлсэн гэж албаныхан мэдээлж байна.

2022 онд нийслэлийн боловсролын салбарт 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, хоёр дотуур байр гээд нийт 176 барилгыг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, 13 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороод байгаа бол 19 сургууль, 13 цэцэрлэг, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор оны эцэст багтан ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ хичээлийн жилд сургуулийн хүүхдийн тоо 20 мянгааар нэмэгдсэн бол цаашид энэ өсөлт 25 мянгаар жилд өсөх тооцоо гарчээ. Хэдийгээр улс нийслэл, дүүргийн санхүүжилтээр сургууль цэцэрлэгийн барилгыг жил бүр тодорхой хэмжээгээр барьж байгаа хэдий ч сургууль орох хүүхдийн тооны өсөлтийг давж чадахгүй байгаа юм. Иймээс ч тодорхой зохицуулалт хийж гурван ээлжээр хүртэл хичээллэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэдгээ албаныхан хэлж байна.

Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга О.Бадамсэрээжид “41 сургууль энэ жил гурван ээлжээр хичээллэж магадгүй байна гэдэг асуудал үүссэн. Эндээс хорин сургуулийг нь дотоодын нөөц бололцоогоор шийдээд нэг сургуулийнх нь тухайд өргөтгөлийнх нь барилгын ажлын нэмэлт санхүүжилтын асуудлыг нь шийдээд есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үлдэгдэл 20 сургууль дээр сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байрыг түрээслэх замаар сургалтын үйл ажиллагааг явуулна. 19 байгууллагын түрээсийн байрын асуудлыг баталчихсан байна. Одоо нэг байрны асуудал дараагийн тушаалын төслөөр батлагдаад гэрээ байгуулагдана. Энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй” гэв.

Нэмэлт байр түрээсэлж байгаа сургуулиудын нэг нь нийслэлийн чингэлтэй дүүргийн Тавдугаар сургууль юм. Тус сургуулийн өөрийн хүчин чадал нэг ээлжиндээ 1320 хүүхэд хичээллэх боломжтой хэдий ч 1700-д хүрээд байгаа. Энэ хичээлийн жилд 3300 орчим хүүхэд хичээллэхээр урьдчилсан байдлаар бүртгүүлжээ. Иймээс өргөтгөлийн байр барих асуудлыг 2019 онд шийдүүлсэн хэдий ч энэ хичээлийн жилдээ орж амжихгүй, ондоо багтаж орно гэсэн хүлээлттэй байна.

Тавдугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн “2020 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтад орох байсан. 2020 онд төсвөө татуулаад 2022 он мөнгө нь тавигдаад энэ хавар ажлаа эхлүүлээд явж байна. Гүйцэтгэл 98 хувьтай байна. 10 сард багтаж ашиглалтад орох байх” гэв.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорио, бараа материалын үнийн өсөлттэй холбоотойгоор боловсролын салбарт хэрэгжиж байгаа барилгын ажил удаашрах гол шалтгаан болж байгааг онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *