Categories
мэдээ нийгэм

Энэ онд 10.000 орчим өрхөд ипотекийн зээл олгох байсан ч 2.000 хүрэхгүй өрх хамрагджээ DNN.mn

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн.

Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацыг байгуулсан. Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

зураг

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд өчигдөр Ажлын хэсгийн гишүүд болон МИК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон байдаг.

Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг, зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг Шадар сайд энэ үеэр хэлэв.

МИК-ын өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай гэх боловч нийт хувьцааны 73.75%-ийг нэг хүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг бол Монголбанк, Хөгжлийн банк нийлээд МИК ОССК ХК-ийн хувьцаанаас 17.23 хувийг, бусад арилжааны банкууд нийлээд 9.2% хувийг, үлдсэн 1% хүрэхгүй хувийг иргэд эзэмшдэг тухай Ажлын хэсгээс мэдээлсэн юм.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар нэг их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ.

Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний дөнгөж сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2,000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна.

Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *